УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж сонгогдсон гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар “Зориг” сангийн “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрт оролцогч оюутнуудын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Энэхүү сургалтаар оюутан залууст ардчилал, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, сайн засаглал, жендер, хүний эрх зэрэг улс төр, нийгэмд тулгамдаж буй асуудлаар мэдлэг, мэдээлэл олгодог аж. Уулзалтын үеэр гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын хувьд шийдвэрлэж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг танилцуулжээ.
Гишүүн Ж.Баясгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамж олгосон гэдэг нь бүх асуудлыг шийдсэн гэсэн үг биш. Цаашид тогтолцооны өөрчлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулж, хүн бүр эрх тэгш байх боломжтой нийгмийг бий болгох нь чухал” гэсэн байна. Гишүүн О.Саранчулуун “Бэрхшээлийг зөв тодорхойлдог олон улсын ангиллыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал байгаа. Үүний хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөхөд залуусын оролцоо хэрэгтэй” гэжээ.