Монголын нисэх загварын спортын нийгэмлэг буюу МАСА, Монголын агаарын спортын холбоо, “FIA aeromodelling” комисс хамтран чөлөөт нисэх загварын онгоцны “Дэлхийн цом”-ын гурван цуврал буюу “Монголын цом”, “Миксмен”, “Азийн цом” тэмцээнийг манай улсад зохион байгуулж байна. Энэ сарын 19-24-нд Налайх дүүргийн Дархан ноёны худаг гэх газарт эдгээр тэмцээн болж буй юм. Мөн энэ сарын 25-28-нд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн уг газарт болно.
Дээрх тэмцээнүүдийг чөлөөт нислэгийн дөрвөн төрлөөр зохиож буй юм. Тухайлбал, F1A нь планер буюу элин халих, F1B нь резин хөдөлгүүрт төрөл. Тэгвэл F1C нь хугацаат нислэг, F1Q нь цахилгаан хөдөлгүүрт, хугацаат нислэгийн төрөл юм.
Эхний тэмцээн болох “Монголын цом-2024”-ийг энэ сарын 19-20-нд зохион байгуулав. Уг тэмцээний насанд хүрэгчдийн F1A төрөлд урд хөршийн тамирчин Дон Зиюу, хүүхдийнхэд манай улсаас Г.Маргад нар түрүүлэв. Насанд хүрэгчдийн F1B төрөлд Д.Батзориг, хүүх дийнхэд БНХАУ-ын тамирчин Ши Минюү нар шилдгээр тодорлоо. Насанд хүрэгчдийн F1C төрөлд Хятад улсын тамирчин Шянхюэ Жи, насанд хүрэгчдийн F1Q төрөлд Монгол Улсаас Ж.Оюундэлгэр, хүүхдийнхэд Э.Тэмүүжин нар тэргүүлсэн байна.
“Миксмен-2024” чөлөөт нислэгийн “Дэлхийн цом”-ын тэмцээн өчигдөр үргэлжилж байв. Тэгвэл “Азийн цом-2024” тэмцээн өнөөдөр эхэлнэ.
МАСА нийгэмлэгийн гишүүн Б.Амарсайхан “Энэ жилийн тэмцээний онцлог нь Ази болон Номхон далайн орнуудыг хамарч буйгаараа онцлогтой. Дэлхийн хэмжээний гурван томоохон тэмцээн манайд болж байна” гэв.
Дээрх тэмцээнүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн ахлагч, дасгалжуулагчаар ОУХМ С.Төмөр ажиллаж байна. Мөн урилгаар дэлхийн аварга, ОУХМ М.Гонгор, Ч.Ганзориг нар өрсөлдөж буй аж. Тэднээс гадна ОУХМ А.Амартүвшин, Д.Батзориг, Б.Сүхбат Л.Бямбажав нарын туршлагатай тамирчид эх орноо төлөөлөн оролцож байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, Монгол Улсын тамирчид уг тэмцээнд 2007 оноос хойш оролцож эхэлжээ. Түүнчлэн 2015 онд Монгол Улс түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус тэмцээнд манай улсаас нийт 60 гаруй тамирчид оролцож байв. ОУХМ М.Гонгор тухайн үед резинэн хөдөлгүүрт төрөл буюуF1B ангилалд түрүүлж, дэлхийн аваргын цомын эзэн болсон билээ. Тэрбээр Монгол Улсын агаарын спортын түүхэн дэх анхны дэлхийн аварга юм.
Бэлтгэсэн Ц.Анударь