Нийслэлийн даамын холбоо, Олон улсын даамын холбоотой хамтран 64 буудалт даамын “Дэлхийн цом”-ын “Mongolia-2024” тэмцээнийг эх орондоо зохион байгуулав. Тус тэмцээнд гадаад чансаа нь 2000-аас дээш оноотой, олон улсын мастер цолтой ОХУ-ын есөн тамирчин өрсөлдсөн юм. Блиц (түргэн) төрөлд эрэгтэйчүүдээс Гуляев Николай, эмэгтэйчүүдээс Леопольдова Ника түрүүллээ. Манайхаас B хэсэгт 17 насны хөвгүүдийн ангилалд Н.Түвшинбаяр хүрэл медаль зүүж, хамгийн сайн тоглосон тамирчны шагналыг Дэлхийн даамын холбооны мастер А.Дашчирэв гардсан.
Рапид (түргэвчилсэн) төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд хойд хөршийн тоглогчдоос Цынов Арсений, эмэгтэйчүүдээс мөн Леопольдова Ника аваргаар шалгарчээ. Монголын даамчдаас B хэсэгт 17 насныхнаас Б.Эрхэмбилэг мөнгөн медаль хүртсэн байна. Энэ удаа эл төрөлд хамгийн сайн тоглосон даамчны шагналыг Дэлхийн даамын холбооны мастер цолтой Д.Ганболд хүртлээ.