Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо. Энэ жилийн наадамд 258 даага бүртгүүлснээс 201 нь уралдсан юм. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр даагыг 11 настай, Ц.Ивээлт хүү унаж түрүүллээ.
Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Б.Одсүрэнгийн таван нүдэн тамгатай хээр даага орж ирлээ. Даагыг 12 настай, Я.Санчирболд хурдлуулав.Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, "Хөвсгөл хангай" компанийн захирал Ж.Намнанпэлжирийн хээр даагыг 10 настай, И.Бат-Ирээдүй унаж, хурдалжээ.
Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Г.Гантулгын сартай хээр даага давхилаа. Сартай хээр даагыг 11 настай, О.Цэнгүүн унажээ. Айргийн тавд Хөвсгөлийн Ар булгийн Э.Түмэн-Одын бор даага хурдаллаа. 11 настай, Г.Хаш-Эрдэнэ хүү бор даагыг уналаа.
Түрүүлж орж ирсэн буюу хүүхэдгүй даагыг хуулийн дагуу таван байр ухрааж зургаад, айргийн дөрөвт хурдалсан хүүхэдгүй даагыг есдүгээр байр руур ухраасныг Хурдан морины салбар хорооноос мэдээллээ.