-Усны ослоор 28 хүн, таван хүүхэд энджээ-
Дэлхий ертөнц хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөхийн хэрээр цаг агаарын мэдээ хамгийн чухалд тооцогдох болно хэмээн шинжээчид үзэж буй. Цаг агаарын аюулт үзэгдэл хаана, хэзээ тохиохыг мэргэжилтнүүд алдалгүй хэлдэг болсон. Харамсалтай нь, үүнтэй уялдуулан ажлаа төлөвлөдөг нь тун ховор. “Үргэлжилсэн усан бороо орж, үер бууна” гэж анхааруулсаар байтал сөрж буй мэт аялал зугаалгад явж, алс замд гардаг хүн цөөнгүй.
Голын эрэг дагуу хөзөр тоглож, мах шарж, архидан согтуурч, инээж баяссан дүр зураг хаа сайгүй. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлж, дарвисан хүмүүс хүүхдээ мартчихсан уу гэлтэй.
Ингэж яваад усанд боогдож, үерт өртсөн тохиолдол гарсаар байна. Цаг агаарын таагүй нөхцөлд ажлынхантайгаа зугаалахаар болсон залуус “Архи уухад бороо хамаагүй” хэмээн маазарч зогссон. Тэгвэл усанд эндсэн хүний цөөнгүй нь архидан согтуурсан үедээ гол руу орж, хөл алджээ.
Энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, 13 аймгийн 16 сумд нийт 51 удаагийн усны осол бүртгэгдсэн байна. Усанд живж 33 иргэн амиа алджээ. Тэдний тав нь хүүхэд. Хүүхдүүд усанд осолдож буй гол шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт суларсантай холбоотойг онцгой байдлын аврагчид хэлж буй. Мөн баталгаагүй зам, гармаар автомашинтайгаа зорчиж яваад голын усанд суух, боогдох тохиолдол түгээмэл. Автомашиныхаа дээр гараад суучихсан, амь тэмцсэн цөөнгүй дуудлагад аврагчид очиж, аюулгүй газарт хүргэсэн байна. Тэдний зарим нь машиныхаа хүч чадалд эрдэж, гол ус туулснаас ийм эрсдэлд хүрчээ. Хэдийгээр энэ зун бороо хур элбэгтэй байгаа ч үерийн усанд хүн эндээгүй. Гол нууранд орж, амиа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч буйг энд зориуд сануулъя.
Гэнэтийн аюул осол, тэр дундаа усанд живж буй хүний амийг аврах нь аз сорьсон үйлдэл гэдгийг аврагчид онцолсон. Өөрөөр хэлбэл, усанд сэлдэг, эсэхээс үл шалтгаалан аравхан секундийн дотор амьсгал хураах аюултай аж. Ус уух хувьтай нэг нь азаар мөчир, бургаснаас зүүгдэж, амь аврагдахыг үгүйсгэхгүй. Гэвч ус хоромхон зуурт “залгиж” орхидог байна. “Хүн живлээ” гээд эргээд харахад л алга болчихдог аж. Хэдхэн удаа амьсгал авахын с залгиж энддэг гэнэ. Тиймээс аврагчдад найдахаас илүү анхаарал, болгоомжоо алдахгүй байх нь чухал юм.
Урин дулааны улиралд томоохон голын эрэг, булан тохой бүрд өнгө өнгийн майхан алаглан, найр наадам аятай хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Амарч зугаалж яваад усанд живж, харамсалтайгаар амиа алдах тохиолдол буурахгүй байгааг онцгой байдлын байгууллагаас хэлж байна. Золгүй байдлын тоог бууруулах гэж аврагчид жил бүрийн зургаадугаар сарын 10-наас голын эрэг дагуу эргүүл хийдэг билээ. Улсын хэмжээнд онцгой байдлын алба хаагчид томоохон гол, мөрөн, нуурын эрэг “манаж” буй. Тухайлбал, нийслэлийн Аврах ангийнхан нийслэлчүүдийн хамгийн олноороо очдог Гачууртын Хар усан тохой орчимд завьт эргүүл хийж байна.
Голын эрэг дагуу хөзөр тоглож, мах шарж, архидан согтуурч, инээж баяссан дүр зураг хаа сайгүй. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлж, дарвисан хүмүүс хүүхдээ мартчихсан уу гэлтэй. Эцэг, эхийнхээ хараанаас алдуурсан тэд хэд хэдээрээ усанд тоглож харагдана. Ойр хавьд нь том хүнгүй газар хоёр хүү усанд шумбаж, толгой нь шоволзож байсан нь аюултай санагдав. Иргэдийн аюлгүй байдлыг хангахад хэрхэн анхаарч буй талаар нийслэлийн Аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, ахлах дэслэгч О.Улаанхүүгээс лавлахад “Ажлын өдөр гэхэд хүн ихтэй байна. Баяр наадмын үеэр хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Нэг бүлэг гурван усчин аврагч, жолооч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа.
Хүмүүс голын хажууд хонож, архидан согтуурах нь элбэг. Согтсон үедээ хоорондоо маргалдах, зодолдох, улмаар ус руу орох явдал гардаг. Жишээлбэл, эхнэр нөхөр хоёулаа архи ууж, муудалцсаны улмаас эхнэр нь гол руу орсон тохиолдол гарсан. Хоорондоо маргалдаж, нэгнийгээ “айлгах” гэж ус руу орох нь аюултай. Өмнөх жилүүдийнхээс усны ослын дуудлага энэ онд нэмэгдсэн. Одоогоор бид 201 хүний амь аварлаа. Тэдний 34 нь хүүхэд байсан. Гэвч 33 хүн усанд эндэж амиа алджээ. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн тоо юм. Усанд ингэж олноороо эндэж буй нь үнэхээр харамсалтай.
Гол, мөрний усны түвшин эрс нэмэгдсэн үед аль болох орохгүй байх хэрэгтэй. Усанд сэлдэг байсан ч түвшин нь нэмэгдсэн, үерлэсэн үед живэх эрсдэлтэй. Шөрмөс татахаас эхлээд аюултай . Хэлээд байхад л иргэд усны гүн рүү орж, хөл алдан эндэж байна. Мөн хэзээ живсэн нь тодорхойгүй цогцос олдох болсон” гэв. Тэрбээр эцэг, эхчүүд хүүхдээ анхаарахгүй, зөнд нь орхисноос усанд эндэж буйг дуулгав. Хүүхдээ хийлдэг гудас, тоглоом, бөмбөгөөр усанд тоглуулахгүй байхыг анхааруулсан юм. Гэр бүлээрээ нуурын эрэгт амарч яваад хүүхдээ усанд алдсан золгүй явдал өнгөрсөн сарын 24-нд гарсан. Хөөрхий хүү хийлдэг гудаснаас унаж живжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Сэлэнгэ аймагт 19 настай хүү усанд живж байсан хоёр хүүхдийг авраад, өөрөө амиа алдав.
Хэрэв тэдгээр хүүхдэд гэр бүлийнхэн нь илүү сайн анхаарсан бол ийм харамсалтай явдал гарахгүй ч байж мэднэ. Мөн л эцэг, эхийн хайхрамжгүй байдлаас болж ой гурван сартай хүүхэд эндэх гэж байсныг нэгэн залуу аварсан юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд Ховд голд ой гурван сартай хүүхэд живж байхад нь уснаас гаргаж, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлснээр амийг нь аварчээ. “Бид голын ойролцоо майхнаа бариад завгүй байв. Хүү минь эгчтэйгээ тоглож байсан юм. Гэтэл нэг харахад байгаагүй. Тэр хавиар хайж явтал “Хүүг олсон” гэж цагдаагийн байгууллагаас хэлсэн. Хүүгийн минь амийг аварсан залууд маш их баярлалаа” хэмээн аав нь ярьжээ. Энэ мэтээр анхаарал, болгоомж алдах төдийд л бяцхан үрсээ гол усанд үйж мэдэх нь.
Голын эрэг дагуу амарч зугаалж яваа иргэд завьт эргүүлийнхний зөвлөмж, мэдээллийг уриалгахан хүлээж авдаг ч хэрэгжүүлдэггүй гэнэ. “Архи уусан бол ус руу битгий ороорой”, “Хүүхдээ ганцааранг нь орхиж болохгүй шүү” гэх мэтээр захидаг ч яг л ийм шалтгаанаар эндсээр. Нүднийх нь өмнө живж буй хүний амийг аварч чадахаас хугацаа алдвал боломжгүй гэдгийг аврагчид хэлнэ лээ. Өөрөөр хэлбэл, усанд живсэн хүнийг аврах боломж хомс. Тиймээс аюул, эрсдэлгүй амрах нь тухайн хүнээс ихээхэн шалтгаалах нь. Найз нөхдөөрөө зугаалж яваад нэг нь усанд живлээ гэхэд айж балмагдаж, цагдаад дуудагдан, хэрэгт орох вий хэмээн эмээсэндээ хугацаа алдаж дуудлага өгөх нь бий гэнэ. Дуудлагын дагуу аврагчид очсон ч хэдийн амьсгал хураасан байдаг аж. Гэтэл аврагчид ирсэн л бол уснаас эсэн мэнд гаргана гэж эндүүрдэг талаар завьт эргүүлийнхэн дуулгасан. Дарвиж цэнгээд үр хүүхдээ хайхрахгүй байгаа нэгэндээ найрсгаар шаардлага тавьж, анхааруулахыг тэд уриалсан юм. Голын эрэгт архидан согтуурч, хог хаяж, орчныг бохирдуулж буй иргэдэд хариуцлага тооцох эрх онцгойгийн алба хаагчдад байхгүй. Гэхдээ гэр бүл, найз нөхдөөрөө сайхан дурсамж бүтээхэд заавал хэн нэгний дарамт шахалт хэрэгтэй гэж үү.
Нөгөөтээгүүр хайртай хүмүүсээ хар дарсан зүүд мэт харамсал, харуусалд үлдээхгүйн тулд амарч зугаалахдаа ч анхаарал, алдахгүй байя.