Монгол Улсын ууган их сургуулиудын нэг, яруу алдарт 103 жилийн түүхт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 94 дэх удаагийн төгсөлтийн баяр болов.
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БНСУ-аас Монгол улсад суугаа Батлан хамгаалахын атташе Пак Ин Чол, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан, ДХИС-ийн захирал, доктор, хурандаа П.Батбаатар болон ҮБХИС-ийн удирдлагын төлөөлөл, төгсөгчид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр шилдэг төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсны зэрэгцээ нийт төгсөгчдөд хандан баяр хүргэж үг хэлсэн юм.
Тэрбээр “Эдүгээ Монгол цэрэг эх орноо батлан хамгаалах төдийгүй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож, хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэн, мэргэжлийн ур чадвар, дайчин чанараараа олон улсад үнэлэгддэг болсон өнөө цаг үед та бүхэн Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд элсэн орж байна.
Түүнчлэн Зэвсэгт хүчин улс оронд байгалийн гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед ард иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах болон эх орныхоо стратегийн томоохон бүтээн байгуулалтад идэвхийлэн оролцож байгаа бөгөөд та бүхэн ч эдгээрийн тэргүүн шугамд манлайлан үүрэг гүйцэтгэнэ гэдэгт миний бие итгэл төгс байна” хэмээв.
Ташрамд дурдахад ҮБХИС-ийг 2023-2024 оны хичээлийн жилд 10 гаруй мэргэжлээр доктор, магистр, бакалаврын 100 гаруй сонсогч, техникийн болон мэргэжлийн боловсрол олгох 10 гаруй мэргэжлээр 200 гаруй сонсогч ийнхүү төгсөж байна.