Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологичидтой хамтран цагаан зээрийн тоо толгойн судалгааг амжилттай гүйцэтгэснээ мэдээллээ. Биологичид энэ удаагийн судалгааг “distance sampling” буюу зурвас замналын арга зүйгээр хийсэн бөгөөд хойноос урагшаа чиглэсэн, хоорондоо 30 км-ийн зайтай, нийт 13 895 км урт үргэлжлэх газар нутагт зургаан багт хуваагдан 21 хоногийн хугацаанд гүйцэтгэжээ.
Судлаачид 2020 онд хийсэн судалгаагаар Монгол орны төвийн болон зүүн бүсэд 1 991 300 цагаан зээр нутаглаж буйг тогтоож байж. Энэ нь дэлхий дээрх нийт бодгалийн 99 хувийг эзэлж байсан гэнэ. Харин одоо энэ тоо эрс цөөрсөн байж болзошгүй нь. Учир нь 2023-2024 оны өвөл, хавар тохиосон зуд, хээрийн түймэр, авто болон төмөр замын бүтээн байгуулалтын улмаас цөөнгүй тооны зээр хорогдож, өмнөд хөршийн бүс нутаг руу дайжсан байх магадлалтайг урьдчилан тогтоожээ. Ялангуяа хуурайшилтаас үүдэлтэй түймэр зээрийн сүрэг тархац нутгаасаа дайжих гол шалтгаан болсон байна. Монгол орон дахь цагаан зээрийн популяц, тоо толгойтой холбоотой нарийн мэдээллийг дээрх газрын судлаач, мэргэжилтнүүд ойрын хугацаанд олон нийтэд танилцуулахаар зэхэж буйаж.