Гэрийн тэжээвэр амьтныг гэр бүлийн гишүүн гэж үзэх хүн цөөнгүй байдаг. Амьтан тэжээх нь хүмүүсийн амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Гэвч манай улсад одоог хүртэл зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагад тэжээвэр амьтантай орохыг тэр бүр зөвшөөрдөггүй. Дүрэм, журамдаа хориглох заалтгүй боловч тухайн албан байгууллагын соёлоос шалтгаалан тэжээвэр амьтан оруулдаг нь гарын таван хуруунд багтана. Эх дэлхий зөвхөн хүнд зориулагдаагүй, амьтад ч бас амьдрах эрхтэй гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хайртай амьтнаа дагуулаад үйлчилгээ авах нь бүү хэл, зүгээр л салхилуулах төдийд ад үзэгдэх нь бий. Гудамж, талбайгаар нохойгоо салхилуулж явахад дургүйцэж, бухимдах хүн цөөнгүй.
Харин гадаадын орнуудад тэжээвэр амьтантайгаа орохыг ихэнх байгууллага зөвшөөрдөг. Үүгээр ч зогсохгүй амьтдад зориулсан багахан хоол, усаар дүүргэсэн савыг үүдэндээ байршуулдаг байна. Энэ нь амьтдын эрхийг дээдэлдгийн нэгэн жишээ билээ. Мөн зарим хот, сууринд нь тэжээвэр амьтны кафе ч байдаг. Тухайлбал, амьтад эзэнтэйгээ үйлчлүүлэх боломжтой дэлхийн хамгийн анхны кафег 1998 онд Тайванд нээсэн түүхтэй. Одоогоор Японд тэжээвэр амьтны кафе 150 орчим байдаг аж. Зөвхөн Токио хотод л гэхэд 39 кафе бий гэнэ. Их хотын завгүй амьдралын стрессээс ангижрахын тулд хүмүүс муур, нохой тэжээхийг хүсдэг юм байна. Амьтантай тоглож, тэднийг хооллох нь стрессийн түвшнийг бууруулж, тайвшруулдгийг судалгаагаар ч баталжээ.
Манай улсад гэртээ амьтан тэжээх сонирхолтой хүний тоо жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс Улаанбаатар хотод амьтанд ээлтэй орчин бүрдүүлэхэд үйлчилгээний байгууллагынхан цаг үе, эрэлт хэрэгцээгээ мэдэрч анхаарах хэрэгтэй болоод буй юм. Гэхдээ ийм мэдрэмжтэй, тэжээвэр амьтан оруулахыг зөвшөөрдөг хэд хэдэн газар бий. Тухайлбал, “Foody” веган хоолны ресторанд тэжээвэр амьтан эзэнтэйгээ үйлчлүүлж, хооллох боломжтой. Эднийх амьтанд ээлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой аж. Зөвхөн хүнд бус, амьтанд ч анхаарал хандуулж, веган хоолоор үйлчилдэг гэнэ. Мөн бүхэл үрийн гурил, мах орлуулагчийн оронд хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалддаг юм байна. Түүнчлэн энд тэжээвэр амьтадтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх тоглоомын булан тохижуулжээ.
Мөн Д.Нацагдоржийн номын сангийн хажууханд “Green note” гэх кафе байрладаг. Жижигхэн хэрнээ олон зүйлийг нэг дор багтаасан эл кафег зорин очсоноор уран зураг үзэж, мэлмийгээ баясгаж болно. Мөн төгөлдөр хуурын намуухан аялгуунд хайртай амьтадтайгаа тоглож, хүссэн кофегоо ууж болох тохилог орчныг тэд бүрдүүлжээ. “Азтай савар” ТББ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өгөх хэсэг ч бий. Тэд өөрсдийн логотой аяга, даавуун тор зэрэг хэрэгцээтэй зүйлийг хямд үнээр худалдаж, орлогоо амьтдын сайн сайханд зориулдаг юм байна.