Уур амьсгал, хүрээлэн буй орчны тандалт судалгаа хийдэг олон улсын байгууллагынхан, судлаач, шинжээчид 2024 оныг өмнөх жилийнхээ “дээд амжилт”-ыг эвдсэн, түүхэнд байгаагүй халуун, цаг агаарын хувьд ихээхэн тогтворгүй, хүн төрөлхтнийг сандаргасан жил болно хэмээн таамаглаж байв. 2023 оныг дэлхийн түүхэнд хамгийн халуун жил хэмээн тэмдэглэсэн. Хэт халуунаас үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд тохиож, мянга мянган хүн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч, олон орон байгалийн давагдашгүй хүчин зүйл хэмээх хатуу сорилттой нүүр тулсан билээ. Тэрчлэн агаарын дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.45 градусаар дээшилж, дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх улс орнуудын нэгдмэл зорилго ганхаж эхэлсэн. Дэлхийн улсууд Парисын хэлэлцээр болон олон улсын бусад гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг, зорилтоо биелүүлэх чиглэлээр хангалттай хичээл зүтгэл гаргахгүй, тууштай ажиллахгүй, өөрчлөлт, шинэчлэл хийхгүй байгаагаас судлаачид 2024 оны цаг агаар, уур амьсгалын төлөвийг бүрхгээр төсөөлсөн.
Агаарын дундаж температур улаан шугам буюу 1.5 хэмээс давж, хэт халалт даамжирна, хүлэмжийн хийн “үйлдвэрлэл” эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихэснэ, үүний уршгаар байгалийн гамшиг, аюулт үзэгдэл эрс нэмэгдэнэ гэж анхааруулж байв. Тэгвэл энэ таамаг, тооцоо эхнээсээ биеллээ олж, аюулын дохио хаа сайгүй хангинах болжээ.
ДЭЛХИЙ ДАХИНД ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ
Шинэ“дээд амжилт” тэмдэглэгдэв. АНУ-ын Худалдааны яамны харьяа Далайн болон агаар мандлын үндэсний удирдах газар (NOAA)-ын Глобал хяналтын лабораторийн судлаачид нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ энэ оны тавдугаар сард дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст дээд түвшиндээ хүрснийг зарлаад байна. Үүнийг тоон утгаар илэрхийлбэл 426.9 ppm болж оргилдоо хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 2.9 нэгжээр өссөн дүн бөгөөд өнгөрсөн хугацаанд тохиосон тавдугаар саруудын оргил үзүүлэлт болж буй гэнэ. Дээрх лабораторийн мэргэжилтнүүд “2022-2024 оны хэмжилтийн дүн дэлхийн цаг уурын түүхэн дэх хамгийн өсөлттэй, үсрэлттэй үзүүлэлт болж байна” гэж мэдэгджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийг идэвхжүүлэгч хийн хэмжээ буурахгүй, харин ч зарим бүсэд ийнхүү эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын Гүйцэтгэх зөвлөл “Дэлхий дахины хүлэмжийн хийн хяналт” буюу G3W хэмээх төлөвлөгөөг баталжээ. Энэ нь хүлэмжийн хийг нарийвчлалтай хянаж, бууруулах замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилготой санаачилга аж. Юуны түрүүнд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр агаар мандалд асар их хэмжээгээр хуримтлагддаг азотын болон нүүрстөрөгчийн давхар исэл, метаныг бууруулахад онцгой анхаарах гэнэ.
40-50 градус давсан хэт халуун өдрийн тоо олширчээ. Дэлхийн цаг уурын байгууллагын цахим хуудсанд өнгөрсөн сарын сүүлчээр нийтэлсэн “Дэлхий дахинд үргэлжилж буй хэт халалт улс орнуудыг хамтарсан үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна” хэмээх нийтлэлд дурдсанаар ийм үзэгдлийн давтамж, үргэлжлэх хугацаа эрс нэмэгджээ. Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод, Хойд Америкийн бүсэд 40-50 градус давсан аагим халуун өдрийн тоо энэ оны эхний хагаст өнгөрсөн жилийнхээс хоёр дахин олон тохиосныг нийтлэлд дурджээ. Үүний уршгаар олон мянган хүн эрүүл мэндээрээ хохирч, хөдөлмөрийн бүтээмжээ алдсан буй. Тус байгууллагын судлаач Алваро Силва “Хүний үйл ажиллагаанаас болж уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна. Харин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхий дахинд хэт халах үзэгдэл удаан хугацаагаар үргэлжлэх боллоо. Яг одоо олон оронд 40-50 градусаас дээш буюу тэсвэрлэхийн аргагүй, хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээнд халж байна” хэмээн өгүүлжээ.
Жишээ дурдахад, өнгөрсөн сарын 20-нд Мексикийн баруун хойд хэсэгт агаарын температур 52 градуст хүрч халсан нь тухайн бүс нутагтаа түүхэн үзүүлэлт болжээ. Кувейтийн Жахра хотод найман өдөр дараалан 50-иас дээш хэм халж, шөнийн цагаар багадаа 35 градус хүрсэн нь олон эрсдэл учруулсан байна. Ойрхи Дорнодын зонхилох хэсэг, Азийн ихэнх нутгаар тавдугаар сард 40 градус давж халсны улмаас цөөнгүй хотод сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Энэтхэгийн Дели хотын иргэд түүхэн дэх хамгийн халуун, давчдам өдрүүдтэй тавдугаар сард нүүр тулсан аж.
Гал, усны аюул заналхийлэл. Хэт халах үзэгдэл даамжрахын хэрээр ган гачиг, түймэр, үер усны эрсдэл ч нэмэгдэж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлжээ. Уншигчид санаж буй бол АНЭУ-ын Дубай, Шаржа хотод гэнэтийн аадар орсноос их хэмжээний үер бууж, гудамж, талбай нь нэлэнхийдээ усанд автсан зураг, дүрс бичлэг өнгөрсөн хавар нийгмийн сүлжээнд тархсан. Тэгвэл үүнээс хойш Хятадын Фужянь, Кенийн Накуру муж, Германы өмнөд бүсэд томоохон хэмжээний үер болж, олон зуун хүн хохирчээ. Өнгөрсөн сарын дундуур өмнөд хөршид болсон үерийн улмаас 10 иргэн амиа алдаж, олон барилга, байгууламж, их хэмжээний тариалангийн талбай сүйдсэн гэнэ. Энэ үеэр 10 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хохирлын хэмжээг нь урьдчилсан байдлаар 60 сая ам.доллар гэж тогтоожээ.
Түүнчлэн хэт халалт удаан хугацаанд үргэлжилж буй Америкийн бүс нутагт түймрийн дуудлага эрс нэмэгдсэн гэх. Өнгөрсөн онд Канадад олон арван голомтод түймэр нэгэн зэрэг дүрэлзэж, байгаль, зэрлэг амьтад хэрхэн хуйхлагдсаныг уншигчид санаж байгаа болов уу. Тэгвэл одоо Америкт аюул нүүрлэжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 20-доор АНУ-ын Нью-Мексико мужид ой, хээрийн түймэр гарч, 25 мянга орчим акр талбай галд өртсөн байна. Шатсан барилга, байгууламж 1000 хол давж, нүүлгэн шилжүүлсэн иргэдийн тоо 10 мянгад дөхсөн гэнэ.
МОНГОЛД ЮУ ТОХИОВ
Эрс тэс цаг агаар. Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль, цаг агаарын тогтворгүй, эрс тэс байдал манай оронд хамгийн бодитой, тод томруун ажиглагдаж байна. Төв, зүүн бүсийн аймгуудад бороо хур элбэгтэй, бүрхэг, сэрүүн өдөр энэ зун зонхилж буй. Ямар сайндаа л хүмүүс “Зуныг мэдэрч амжаагүй байтал нар буцаад, наадам хаяанд ирчихлээ. Нартай өдөр ховор тохиож байна” гэж гомдоллож байх вэ дээ. Гэтэл говийн болон баруун бүсийн нутгийнхан борооны мөрөөсөл болж байна. Ялангуяа говийн аймгуудад бороо чийггүй, хэт халуун өдрүүд үргэлжилсээр байгааг орон нутгийн иргэд хэлэв. Уржигдар буюу долоодугаар сарын 1-нд Их нууруудын хотгор, говийн бүсийн зарим нутгаар 30-37 градус хүрч халсныг ЦУОШГ-аас мэдээлэв. Нэг хэсэг нь бороо гамшиг дагуулж сүйдлэх вий хэмээн жийрхэж байхад зарим нутгийнхан “Тэнгэр хураа хайрлаасай” гэж мөрөөсөж буй нь уур амьсгалын эрс тэс байдлыг илтгэж байна.
Гэнэтийн, усархаг борооны эрсдэл. Аадар борооны давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэнийг цаг уурын байгууллагынхан мэдээлж буй. Ялангуяа энэ зун олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно гэсэн прогноз гаргасан. Энэ нь ч ёсоор болж, зургаадугаар сард тэнгэр цөөнгүй удаа “уйлагналаа”. Хот, хөдөөгүй үерт автаж, сандарцгаав. Нэгэн сонирхолтой баримт дурдахад, Улаанбаатар хотод 1990 оноос хойш жилд дунджаар 273 мм хур тунадас оржээ. 1967 онд хамгийн их хэмжээний буюу 400, 1972 онд бага буюу 62 мм хур тунадас орж байсан гэнэ. Тэгвэл өнгөрсөн сарын 21-нд нийслэлд 112 мм бороо орж, энэ “амжилт”-ыг эвдлээ. Бороо уур амьсгалын өөрчлөлттэй ямар холбоотой юм бол хэмээн уншигчид гайхширч магадгүй юм. Дэлхийн дулаарлын нөлөөгөөр газрын гадаргуу хэт халж, агаар мандалд их хэмжээний хур үүсгэснээс бороо гэнэт орох, их хэмжээний үер буух эрсдэл нүүрлэдэг. Тэгэхээр уур амьсгал хэдий чинээ өөрчлөгдөнө тэр хэрээр их устай бороо, үерийн эрсдэл нэмэгддэг байх нь.
Гол, мөрнүүд чимээгүй алга болсоор. Орон нутагт ажиллаад ирсэн судлаач, мэргэжилтнүүд энэ зун цөөнгүй гол, нуур хатаж, ширгэж алга болсныг хэлж байна. Хорьдол Сарьдагийн нурууны Уран дөш уулаас эх авч Дэлгэрмөрөн голд цутгадаг Бэлтэс голын урсац тасарч, ширгэжээ. “Өнгөрсөн онд л усаар бялхаж байсан юм сан” хэмээн нэгэн судлаач харамсангүй өгүүлэв. Их, Бага богд уулын араар орших говийн таван нуураас Бөөн цагаан л ганцаар бөртийж үлджээ. Түүнтэй хаяа залган орших Адгийн, Таацын цагаан, Орог нуур юу ч үгүй ширгэж, хатсан сайр болсныг шувуу судлаачид мэдээлэв.
“Гажуу” үзэгдэл. Өнгөрсөн сарын 21-нд нийслэлд болон төвийн бүсийн зарим нутагт бороо, цас холилдон орсон нь жигтэй тохиолдол болов. Зуны дунд сард цас орж байсан түүх бий ч сүүлчийн арав хоногт, ингэж их хэмжээгээр нэвсийтэл хаялсан нь үгүй гэдгийг цаг уурчид хэлж буй юм. Өндөр уулын бүсэд зун цас орох нь ердийн үзэгдэл бол тал, хээрийн нутагт онцгой, ховор тохиолдол гэдгийг зарим нь онцолсон. Зуны дунд сард цас, өвөл бороо орох нь цаг буруудаж буйн нөхцөл бөгөөд энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой өөрчлөлт оруулдгийг ч эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. Гэтэл цаг уурчид цаашид ч ийм “гажуу” үзэгдэл олон тохиох магадлалтай гэж анхааруулж буй. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг зөвхөн хэт халах үзэгдлээр ойлгож болохгүйг энэ бүхэн харуулж байна. Зунд сэрүүсэх, өвөлд хэт дулаарах, бороо, цас улирал “андуурч” орох, гол, горхи ширгэж, усны түвшин өөрчлөгдөх, ургамлын төрөл, зүйл хумигдах гээд байгалийн зүй тогтол, цаг улирлын хууль зөрчсөн бүхэн уур амьсгалтай салшгүй холбоотой.
Бэлтгэсэн Н.Мишээл