“Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс алт ресурс”, “Саусгоби сэндс” зэрэг уул уурхайн томоохон 20 гаруй компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Богдхан уулын дархан цаазат газарт сүүлийн хоёр жилд 200 мянга гаруй мод тариад буй аж. Сүүлийн үед хотын ногоон бүс, ялангуяа Богдхан уулын амнууд руу адуу, мал олноороо орж, тарьсан бут, сөөгийг сүйтгэж буйтай холбоотойгоор дээрх аж ахуйн нэгжүүдийн зарим нь холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хамгаалалтын хашаа татах болжээ. Энэ туршлагыг Богдхан уулын хамгаалалтын захиргааныхан хуваалцаад, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагынхныг хариуцлагатай, санаачилгатай байж тарьсан мод, бутаа малын хөлөөс хамгаалахыг уриалав.
Ташрамд дурдахад, уул уурхайнхан мод тарих, ойжуулах ажлыг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон мэргэжлийн бусад байгууллагын хяналт, зөвлөмжид тулгуурлан хийдэг гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл