Монгол орны томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэж, үерлээд буйг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Туул, Тэрэлж, Онон, Улз, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөсөө 5-15 см-ээр нэмэгджээ. Туул гол нийслэл, Хараа гол Дархан-Уул аймаг, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшнийг 5-40 см-ээр даваад байв. Харин хоёр гол үерийн аюултай түвшинд хүрсэн нь Ховд, Туул байсан юм. Ховд гол энэ өдөр үерийн аюултай түвшнийг 10, Туул Лүн сум орчимд 60 см-ээр давжээ. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг бүс нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа нь голуудын усны түвшнийг улам нэмэгдүүлэх эрсдэлтэйг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсээс анхааруулав. Иймд орон нутагт аялал зугаалгаар явж буй иргэд, голуудын сав газарт суурьшиж байгаа малчид, тариаланчдыг үерийн эрсдэлээс сэрэмжлүүллээ. Түүнчлэн нөөлөг салхи, аянга цахилгаан, хүчтэй мөндрийн аюулаас болгоомжлохыг сануулав.