Хог хаягдлын 85 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэдгийг судлаачид онцолдог. Хогийг хаягдал гэж харах биш, эдийн засгийн эргэлтэд оруулах гарц бий. Тухайлбал, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хаягдлаа өгч, мөнгө болгох боломжтой. Дахин боловсруулах хог хаягдлыг дуудлагын дагуу очиж авдаг байгууллагуудын мэдээллийг хүргэе.
Дахин боловсруулалтаараа тэргүүлэгч компаниудын нэг нь “Ти Эм Эл пластик” юм. Тэд30 кг-аас дээш жинтэй хуванцар савны хаягдлыг очиж авдаг. Үүнээс бага байвал дүүрэг бүр дэх төлөөлөгчдөд нь өгч болно. Ус, ундааны хуванцар сав нэг кг-ийг нь 400 төгрөгөөр худалдан авдаг аж. Лаазыг 10 кг-аас дээш бол очиж авах бөгөөд нэг кг-ынх нь үнэ 1000 төгрөг байна. Ингэхдээ зориулалтын бусаар ашиглаагүй, цэвэрхэн хуванцар савыг овор хэмжээг нь багасган өгөх ёстой гэнэ. Мөн дүүрэг бүрийн хариуцсан ажилтантай холбогдон гэрээ байгуулж, цуглуулах уут шуудайг үнэ төлбөргүй авч ашиглах боломжтой юм. Тус компани нь PET тэмдэглэгээтэй ус, ундааны хуванцар савыг өдөрт 75, жилд27 000 тонныг дахин боловсруулах хүчин чадалтай аж.
Дараагийнх нь “Полипак” компани бөгөөд тэд ундаа, усны пакет уутыг 50 кг-аас дээш байвал нэг кг-ийг 1000 төгрөгөөр авдаг аж. Үүгээрээ төрөл бүрийн уут хийдэг юм байна. “Нью метод” компанийнхан электрон барааны хаягдлыг дуудлагаар очиж авдаг. Ингэхдээ мөнгө төлөхгүй бөгөөд тэд цахилгаан хэрэгсэл, хаягдал батарей дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй гэнэ.
“Түвшин сайхан төв”-ийнхөн цаас 500, хуванцар сав бол 200 кг, шил бол 700-аас дээш тохиолдолд хаягаар очиж авдаг юм байна. Хуванцар сав, зөөлөн, хатуу гялгар уут, бор хайрцаг авдаг гэнэ. Ус, ундааны хуванцар савыг кг-ыг нь 400, гялгар уутыг 500 төгрөгөөр авах аж.
Хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага бий. Тэдгээрийн цөөн хэд нь л дуудлагаар хаягдал авдаг. Бусдад нь ийм үйлчилгээ байхгүй бөгөөд үйлдвэрт нь очиж дахин боловсруулах боломжтой хаягдлаа өгч болно.
Бэлтгэсэн А.Үүл