Дундговь аймаг Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга, Дэл уулын бүсэд түүхэн дурсгалд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж буй. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн удирдлага өнгөрсөн онд аялал жуулчлалыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө баталж, тухайн бүсэд цогцолбор байгуулах ажлын хэсгийг БХБЯ, ЭЗХЯ-ны мэргэжилтнүүд, орон нутгийн судлаачдыг багтаан байгуулсан. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан гол ажлууд нь Цагаан суваргад мэдээлэл, соёл, үйлчилгээний төв, палеонтологийн музей, Дэл уулд археологийн үндэсний төв байгуулж, авто зам, эрчим хүчний сүлжээнд холбох байв. Тэгвэл үүний бэлтгэл болгож Цагаан суварга орчмыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбохоор газар шорооны ажлыг нь эхлүүлжээ.
Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн “Ойролцоогоор 20-30 км газарт шугам сүлжээ татах ажил хийнэ. Одоогоор тулгуур багануудыг суулгаж байна. Агаарын шугамуудыг холбох ажлыг удахгүй эхлүүлнэ” гэсэн юм.
Тухайн бүсийг цахилгаан хангамжийн нэгдсэн сүлжээнд холбосноор Цагаан суварга орчмын жуулчны баазууд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болж, бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь чанар, хүртээмж сайжрах ач холбогдолтойг бизнес эрхлэгчид онцолж байна. Цаашлаад говийн бүсэд аялал жуулчлалыг хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөөнд тусгасан бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх боломж бүрдэх нь.