“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомжтой байхыг салбарын сайд хэлэв.
Тиймээс мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг тэрбээр нэмж анхааруулав.
Засгийн газраас 2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.