“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд зорьж очин мод тарих болсон “Инчон” мөрөөдлийн төглийг монгол, солонгос мэргэжилтнүүд хамтран цэцэрлэгт хүрээлэн болгохоор төлөвлөжээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дахь Жаргалант тосгоны хогийн цэгийн 100 га газрыг ойжуулах ажлыг нийслэлийн Байгаль орчны газар, БНСУ-ын Инчон хотын Байгаль орчны газар 2018 оноос эхлүүлснээр ийм төгөл бий болсон билээ. Талууд 10 жилийн хугацаанд хамтран ажиллахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 60 га талбайд хайлаас, шар хуайс, нарс, шинэс, голт бор зэрэг 127 мянга гаруй мод тарьснаас 90-ээс дээш хувь нь хэвийн ургаж байгаа аж. Цаашид “Инчон” мөрөөдлийн төглийг цэцэрлэгт хүрээлэн болгох, жижиг нуур, цөөрөм байгуулах, явган хүний зам тавих зэрэг тохижилтын ажлыг хийхээр зөвшилцжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл