УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт гар тооллого явуулна. Тодруулбал, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнг гар тооллогоор баталгаажуулах юм. Саналын хуудсыг гараар тоолох ажиллагааг санал авах байранд болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн сонгогчийн тоо, саналын хуудасны зарцуулалтын тооцоог ажиглагч, оролцогчдод мэдээлсний дараа нэн даруй эхлүүлж, завсаргүйгээр явуулна. Ингэхдээ саналын хайрцгаас саналын хуудсыг нэг нэгээр нь гаргаж, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг ажиглагчдад ил тод харуулж, нэр дэвшигч, нам эвсэл бүрийн авсан санал бүрийг уншиж танилцуулах аж.
Өмнөх сонгуулиудаар сонгогдсон хэсэгт хяналтын тооллого явуулахад санал тоолох төхөөрөмж, гар тооллогын дүн зөрсөн удаагүй. Саналын хуудсыг гараар тоолох үйл ажиллагаа ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллага, сонгогчдын төлөөлөлд нээлттэй гэж СЕХ-ноос мэдээлсэн билээ.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагч өнөөдөр ажиллаж байна.