Сэлэнгэ аймагт болсон “Баянсуудал”-ын тойром харваанд нийслэлийн болон орон нутгийн шагайн харваачид ур чадвараараа өрсөлдлөө. Багийн харваанд Ч.Буянжаргал, Б.Сэдбазар ахлагчтай Өмнөговь аймгийн харваачид эхний хоёр байрт шалгарч, Э.Чулуундорж ахлагчтай Архангайнхан хүрэл медаль зүүв. П.Пүрэвцэрэн ахлагчтай Төв аймгийнхан туршлагатай, шилдэг харваачдаар хүч сэлбэсэн шилдэг багуудтай цэц сорьж, шагналт байр эзэлжээ. Хувийн цуваа харваанд Г.Бат-Эрдэнэ ахлагчтай Төв аймгийн баг бусдыгаа хошуучилсан бол Б.Сэдбазар ахлагчтай Завханы харваачид аман хүзүүдэж, З.Жавхлан ахлагчтай Дорноговийнхон III байр эзэлсэн юм. Г.Ганзориг ахлагчтай Төв аймгийнхан мөн шагналт байрт шалгарчээ. Шагайн харваатай холбоотой өөр мэдээ дуулгахад, Австралийн Сидней хотод ажиллаж, амьдардаг шагайн харваачид “Наадмын сорилго” тэмцээн зохион байгуулсан гэнэ. Тус тэмцээнд есөн багийн 70 гаруй харваач оролцсоноос Д.Нямдорж ахлагчтай “Мэргэн” багийнхан тэргүүлжээ.