Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Улсын Их Хурлын 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм.
Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.
Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж буй нэг нам, эвслийг сонгож тэмдэглэнэ. Нэгээс илүү нам, эвслийг сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу.