Улсын баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Уяачид ч хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулан, бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх цаг дөхлөө. Наадамд морио түрүүлж, айрагдуулах нь уяачийн чадвараас гадна уралдаанч хүүхдийн хөдөлмөр чамлахааргүй их. Морины үсэргээ, сунгаанд явдлыг нь тааруулах, амраах, тэжээл бордоог нь өгөх гээд тэдний хамтын ажлын үр дүн баяр наадмаар тодордог.
Харамсалтай нь, монгол түмний өв соёл болсон хурдан морьдын уралдааны уламжлал тасарч мэдэх нь. Тухайлбал, сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхэд ховордсонтой холбоотойгоор морьдоо наадмаар уралдуулж чадахгүй өнжих тохиолдол ч гарах болж.
Наадмаар уралдааны морийг унах хүүхэд л үсэргээ, сунгааг нь хийлгэж байвал торгон мөчид мориныхоо явдлыг хэрхэхээ мэднэ гэж хашир уяачид өгүүлдэг. Гэтэл орон нутагт уралдаанч хүүхэд ховордож, уяа сойлгын ажлаа зогсооход хүрсэн тохиолдол ч гарч байна.
УЯАЧИД ҮҮНИЙ ШАЛТГААНЫГ ХЭРХЭН ДҮГНЭЖ БАЙНА ВЭ
Уралдаанч хүүхдүүд ховордоод буй шалтгааныг уяачид хэрхэн дүгнэж буйг тодрууллаа. “Уралдаанч хүүхдүүд ховордож байгаа. Энэ нь хөдөөнөөс хот руу шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой. Олон жил морь уясан болохоор сонирхол нэгтэй найз нөхөд цөөнгүй бий. Тэднээр л дамжуулж уралдаанч хүүхэд олж байна. 2015-2016 оноос л уралдаанч хүүхэд ховордож эхэлсэн. Уралдааны морь унуулахад 10 орчим насны хүүхдүүд л тохиромжтой” хэмээн Баян-Өлгий аймгийн “Таван богд” морин спорт, уяачдын холбооны тэргүүн С.Айдос өгүүллээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Хурд” морин спорт, уяачдын холбооны гишүүн “Уралдаанч хүүхэд сүүлийн үед ховордож байгаа. Хөдөө амьдрах айлууд цөөрсөн нь үүнд нөлөөлсөн болов уу. Монгол ахуйгаасаа их л холдож байна даа. Төв газар өссөн хүүхэд уралдааны морь унаж чадахгүй. Морь унаж өслөө гээд тэвчишгүй хөдөлмөрт өртөж буй юм биш шүү дээ” гэв.
“3-4 жилийн өмнөөс л унаач хүүхэд ховордож, сүүлдээ бүр олдохоо болилоо. Мал аж ахуйгаасаа холдоод байгаа болохоор уралдаанч хүүхэд ч ховордсон. Миний хувьд өөрийнхөө хүүхдийг л сургаж, морь унуулдаг. Хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүдийг ч морь унахад сургаж байна. Морь унах хүүхдүүдээ цалинжуулдаг. Малчин айлын хүүхдүүд л голдуу уралдааны морь унаж байна даа” хэмээн Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Пур ширээ” уяачдын холбооны гишүүн Б.Батхуяг хэллээ.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат уяач А.Алтансүх “2000 оны үеэс унаач хүүхэд ховордсон. Уралдааны морь унах насны хүүхдүүдтэй байсан ч эцэг, эх нь унуулахгүй. Аав, ээж нь л дургүйцээд унуулдаггүй болохоос хүүхдүүдэд нь морь унах сонирхол их. Морь уядаг айлын хүүхдүүд л хурдан хүлгүүдээ унах юм.
Морь унаж уралдах нь ч олон эрсдэл дагуулдаг. Дээр үед мориноосоо яаж ч ойчсон бэртдэггүй байлаа. Одоо газарт унасан л бол бэртэнэ. Хот суурин газар өссөн хүүхдүүд бие султай. Тиймээс уралдааны морь унуулдаггүй. Ер нь морь унаж байгаа хүүхдүүдийн олонх нь амьдралын бололцоо тааруу айлынх байх нь ч бий” гэсэн юм.
“МОРЬ УНАДАГ ХҮҮХДИЙН БИЕ ЧАНГА, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛД ОРОХГҮЙ”
Говь-Алтай аймагт оршин суудаг, олон жил уралдааны морь унасан хүүхэдтэй холбогдлоо. Тэрбээр “Уралдаанч хүүхдийн ажил мундахгүй. Өглөө босоод морьдоо авчирна, тэжээл бордоог нь өгнө. Нар халахаас өмнө усална, нэмнэнэ гээд хийх ажил их. Би айлд морь унадаг байсан. Хамаатны ахынхаа хурдан морийг унаж өгдөг байсан ч цалин гэхээр зүйл авч байгаагүй. Хурдан морь унах хүүхэд ховордоод буйн шалтгаан нь интернэттэй ч холбоотой байж магадгүй. Орон нутагт гар утсаараа цахим сүлжээнд нэвтрэхэд бэрх шүү дээ. Хүүхдүүд хотын төвд байх сонирхолтой. Тэгэхээр хөдөө морь унах хүүхэд яаж үлдэх вэ дээ. Морь унадаг хүүхдийн бие чанга, хөдөлгөөний дутагдалд орохгүй. Эрүүл агаар салхинд амьдарна гээд ач тус нь багагүй. Унаач хүүхдүүдийн нөхөрлөл нандин. Ер нь морь унах сайхан.
Үеэл маань айлд өвөл морь унаж байгаад гараа хөлдөөж байсан. Үүнээс болж баруун гарынхаа хоёр, зүүнийхээ нэг хурууг тайруулсан. Уралдаанч хүүхдээ гэсэн сэтгэлгүй айлд морь унаад хэрэггүй. “Том” уяач нарынд морь унах хэцүү. Бага насны морьд ихтэй болохоор тэднийг сургахаас ажил эхэлнэ. Хүүхдүүдээ их загнадаг айл ч цөөнгүй бий” гэсэн юм.
“УЯАЧИД Ч ХОВОРДСОН”
Архангай аймгийн Хашаат сумын харьяат уяач Б.Ууганбаяр “Мориноосоо ойчиж гэмтэж бэртэх тохиолдол их бий. Тиймээс л эцэг, эхчүүд нь дургүйцээд унуулдаггүй байх. Улс, бүсийн уралдаанд олон айраг, түрүү хүртсэн уяачид хүүхдүүдэд цалинг нь ахиухан өгөөд унуулдаг юм байна лээ. Хөдөөний малчид бол хамаатан садны болон өөрийнхөө хүүхдээр унуулдаг. Морь унуулах хүүхэд олоход ер нь бэрх дээ. Хүүхдүүд “Хүний морь унахгүй” гэдэг. Эцэг, эхчүүд нь “Битгий унаарай” гэж захидаг биз. Хэдэн жил морь уяж байна. Уяа сойлгоо тааруулчхаад морь унах хүүхэд олдохгүйгээс наадам өнжиж байсан тохиолдол ч гарсан. Морь унах хүүхэд 25-35 кг жинтэй байвал тохиромжтой. Гэтэл хүүхэд олдохгүйгээс хүнд жинтэйг унуулах нь ч бий. Хичээл сургуулийнх нь бэлтгэлийг хангах болон даага, шүдлэн насны морь бэлэглэх зэргээр урамшуулдаг юм.
Малтай ойр өссөн хүүхдүүд л уралдааны морь унуулахад тохиромжтой. Уралдаанч хүүхэд цөөрөхийн зэрэгцээ уяач ч ховордож байна. Өвөл, хавар хурдан морины уралдаан болохгүйгээс уяачид цөөрсөн байж магадгүй. Малчны морь баяр наадамд оролцоход хэцүү болсон цаг. Эрлийз морьдыг монгол адуу гүйцэхгүй. Морин уралдааныг хадгалж үлдэх нь монгол өв уламжлалаа устахаас хамгаалж буй хэрэг. Том хүнээр морьдоо унуулж гадаадын тойруулгын уралдаан шиг зохион байгуулна гэж байхгүй. Монголын морьд холын зайд уралддаг, бие жижигтэй. Тиймээс том хүнээр унуулдаг гадаадынхны жишгийг дагах боломжгүй” гэсэн юм.
Ийнхүү хурдан морь унах хүүхэд ховордож буйн шалтгааныг уяачдын олонх нь төв суурин газар луу шилжих хөдөлгөөнтэй холбон үзэж буйгаа илэрхийллээ. Суурин газарт өссөн хүүхэд биеийн хүчээр сул байдаг тул номхон морь ч унуулдаггүй гэх нь ч байв. Уралдаанч хүүхэд цөөрөхийн зэрэгцээ уяачид ч ховордсон шалтгааныг тэд “Морь уяхад мөнгө их зарцуулдаг. Хурдан удмын адуу гээд л эрлийз морьд авчирч уралдаанд оролцуулдаг. Тэднийгээ өвөл, хаврын улиралд тэжээж бордоод бэлдчихсэн. Малчид бэлчээрийнх нь өвсөөр морьдоо тэжээгээд уралдуулдаг цаг ард хоцорчээ” гэж байлаа.
НАЙМААС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДЭЭР ХУРДАН МОРЬ УНУУЛАХААР ХУУЛЬД ЗААЖЭЭ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10.2 дахь заалтад “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг найм, түүнээс дээш насны хүүхэд унах бөгөөд уралдаанч хүүхэд нь үндэсний хурдан морины уралдааны үед болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн ослын даатгалд даатгуулсан байна” хэмээн тусгажээ. Гэтэл орон нутгийн уралдаанд энэ заалтыг мөрдөх нь ховор.
Ялангуяа үсэргээ, сунгааны үед хамгаалалтын хувцас хэрэглэл ч үгүй, аль болох л хөнгөн жинтэй хүүхэд сонгож морь унуулна. Ингэснээрээ моринд хүнд ачаа болохгүй гэнэ. Үсэргээ, сунгааг морьдынхоо хүчийг үзэх, амьсгааг задлах зорилгоор хийдэг. Сунгаа нь үсэргээнээсээ арай хол зайд уралдуулдаг. Ингэхдээ ойр хавийн уяач нар нийлэн морьдынхоо хүчийг сорьдог билээ.
“Манай энд үлийн цагаан оготно ихтэй. Үүнээс болж морь үлийд бүдэрч, хүүхэд унах тохиолдол цөөнгүй гарах юм. Үсэргээ, сунгааны үед хамгаалах хувцас хэрэгсэл өмсгөөгүйгээс унаад бэртэх нь их” хэмээн Архангай аймгийн Хашаат сумын уяач Б.Ууганбаяр өгүүлсэн юм. Уралдааны үед хүүхдийн нүд рүү шороо орж, тэнцвэрээ алдах нь цөөнгүй. Мөн морь нь үргэх, бүдрэх, булгих зэргээс болж уралдаанч хүүхдүүд унах явдал гардаг. Мориноос унах үед араас нь давхиж байсан морьд ойчсон хүүхдийн дээр гишгэх тохиолдол ч бий. Уралдаанч хүүхдүүдэд мориноос унах үед ашиглах техник байдаг гэж тэд ярих юм билээ. Ядаж л газарт унахдаа гараараа тулахгүй байх нь өөрийгөө хамгаалах эхний арга гэнэ. Чанартай хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн бол гэмтэл бэртэл харьцангуй бага. Эцэг, эхчүүд хүүхдээ морь унуулахаас татгалздаг шалтгаан нь яалт ч үгүй гэмтэл бэртэл мөн.
“2022 оны эхний долоон сарын байдлаар гэхэд есөн хүүхэд мориноос унаж бэртэн, нэг нь амиа алджээ. 2022-2023 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морины 67 уралдаан болжээ. Тухайн үед 231 хүүхэд мориноосоо унаж, 76 нь хөнгөн бэртэж, 19 нь эмнэлгийн байгууллагад хандсан байгаа юм. 2019 онд 448 хүүхэд мориноос унан, 129 нь хүнд болон хөнгөн гэмтэж эмнэлгийн анхан болон дараагийн шатны тусламж үйлчилгээнд хамрагдсан аж. 2017 оны байдлаар 629 нь мориноос унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтсэн бол хоёр хүүхэд амиа алдсан” гэж Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан мэдээлжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар мориноос унаж бэртсэн 620 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тэднээс 256 нь хүүхэд байв. Тэр дундаа хурдан мориноос унаж бэртсэн 28 хүүхэд тус эмнэлэгт эмчлүүлсэн аж.
ДУНДАЖ ЦАЛИН НЬ НЭГ САЯ ТӨГРӨГ
Цахим сүлжээнд “Уралдаанч хүүхэд ажилд авна” гэсэн зар олон байлаа. Ингэхдээ 700 000-2 000 000 төгрөгөөр цалинжуулна гэжээ. Тухайн айлдаа байрлаж ажиллана гэдгийг ч зардаа тусгасан байв. Уралдаанч хүүхдүүдийг ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг асран хамгаалагчтай нь байгуулдаг. Зуны сүүл сар гэхэд энэ гэрээ дуусаж, бага насны адуу өгөх, хичээлийн хэрэгсэл бэлдэх болон цалин олгох зэргээр урамшуулдаг аж. Баян-Өлгий аймгийн “Таван богд” морин спорт, уяачдын холбооны тэргүүн С.Айдос “Уралдаанч хүүхдийг наадмын өмнөх 20 хоногийн хугацаанд нэг сая төгрөгөөр цалинжуулж ажиллуулдаг. Ингэхдээ морины тэжээл будаа өгөх гэх мэтийг хийхгүй. Морины уяа сойлгод туслах хүн тусад нь ажиллуулдаг” гэв. Гэвч энэ урамшууллыг хүүхдүүд гэхээсээ асран хамгаалагч нь авч зарцуулах тохиолдол цөөнгүй. Түүнчлэн бүтэн, хагас өнчин хүүхдүүдээр морь унуулах нь их байдаг. Гэтэл тэдний нөхцөл байдал ямар байгааг болон урамшууллыг нь өгч байна уу гэдгийг нь хянах хүн тун ховор.
Морьд барианы зурхайд орж ирэх нь зөвхөн уяач, уралдаанч хүүхдийн хувьд төдийгүй монголчуудын бахархалт мөч. Гэтэл энэ бахархалт мөч бага багаар алсарсаар л байна. Морьд биш, автомашинууд тоос татан давхилдаж, малчид ч морь уях нь цөөрсөөр. Морин уралдаан нь монголчуудын өв уламжлалын нэгээхэн хэсэг. Эрийн гурван наадмын нэг тулгуур багана билээ. Тиймээс бид энэхүү өв соёлоо хадгалж үлдэх хэрэгтэй. Ингэхийн тулд юун түрүүнд уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хамгийн ихээр анхаарах ёстой.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн