Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, 2021 онд 58, 2022 онд 66, 2023 онд 58 хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьсан бол энэ оны 5 дугаар сарын байдлаар 29 хэрэгт хяналт тавьж, 98 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Шүүхээр шийдвэрлүүлсэн нийт хэргийн 87 хувь нь зөвшөөрөлгүйгээр ойн мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, худалдан борлуулсан, мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан зэрэг гэмт хэргүүд эзэлж байна. Тухайлбал,
- Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 89,
- Хууль бусаар мод бэлтгэх 70,
- Хууль бусаар ан агнах 17,
-Байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх 4 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, байгаль орчинд учирсан 365.4 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн 26-45 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд холбогдсон байна.
Гэмт хэргийн гаралтын тухайд, тус аймгийн Заамар суманд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн 66 хувь нь, Эрдэнэ, Мөнгөнморьт сумдад хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн 36 хувь нь бүртгэгдсэн байна.
Тиймээс аймгийн прокурорын газраас дээрх сумдын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллах талаар прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.