Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1335 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Хамгийн олон буюу 10 мандаттай хоёр тойргийн нэг болохын хувьд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс гэсэн баруун дөрвөн аймагт нийт 115 хүн нэр дэвшиж байна. Энэ нь хоёрдугаар тойргийг нэр дэвшигчдийнхээ тоогоор аман хүзүүнд аваачсан тоо юм. Улс төрийн 16 нам, хоёр эвслийн нэр дэвшигчид болон 14 бие даагч эл тойрогт өрсөлдөх нь. Хамгийн олон бие даагчтай тойрог ч гэж хэлж болно.
Намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаар толгойлуулсан эрх баригчдын “багц”-д Зам, тээврийн хөгжлийн сайд, С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар бий бөгөөд тэд энэ бүс нутгаас УИХ-д дөрвөн удаа сонгогдсон “архаг”-ууд.
Мөн парламентын гишүүн болохоор хоёр дахиа горилж буй Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар “шинэков”-уудын дэргэд хэдийн танигдаж, өнгөрсөн дөрвөн жилийн турш тойргоо усалчихсан хүмүүс байгаа.
Түүнчлэн томилогдсон цагаасаа сайн, бас саараар хэлүүлж яваа Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа аймгийнхандаа хүссэн ч, эс хүссэн ч танигдчихсан нэгэн. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайхан ч тэр өвөл, хавар ховдынхонд өвс, тэжээл тараан саймширч амжсан. Түүнчлэн түүнийг уяач гэдгээр нь хөдөөгийнхөн анддаггүй.
МАН-ын нэр дэвшигчдийн есдүгээрт бичигдсэн Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдыг энэ оны эхээр яамных нь зарим удирдлагын хамт АТГ-аас шалгаж, нэгжлэг хүртэл хийж байв. Тэдний заримыг нь тодорхой хугацаанд баривчилсан удаатай. Олон улсын хөгжлийн ассоциацын хөнгөлөлттэй зээлийн 19.5, Засгийн газраас 4.24 сая ам.долларын хөрөнгө оруулан, 2016 оноос хойш хэрэгжүүлэх болсон “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм билээ.
Нэр дэвшигчдийнхээ төгсгөлд жагссан Б.Заяабал Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад сонгуулийн жил гарахаас өмнө ажлаа өгсөн нэгэн.
Эрх баригчдын хүчтэй өрсөлдөгч АН-аас ч хуучцуулаа сойжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, парламентын гишүүнд гурав дахь удаагаа нэр дэвшиж буй Б.Пүрэвдорж, улиран сонгогдохоор “улайрч” байгаа Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Д.Батцогт нар бий. 2012-2016 оны УИХ-д нэгэн айлын базууд болох Д.Батцогт, С.Бямбацогт нар АН, МАН-аас сонгогдон ажилласан түүх давтагдах вий. Хоёр ч бүрэн эрхийн хугацаанд Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажилласан О.Амгаланбаатар нутаг ус, цаашлаад баруун бүсдээ нэлээд танигдсан биз. Мөн тэрбээр өнгөрсөн сонгуулиар өрсөлдөж байсан тул туршлага хуримтлуулсан нь лавтай. Тус тойрогт “том” хоёр нам тус бүр хоёр эмэгтэйг нэр дэвшүүлсэн бөгөөд АН-ын хоёрын нэг нь Ц.Одонтунгалаг. Тэрбээр 2020 оныг хүртэл нийслэлийн ИТХ-д төлөөлөгчөөр нэг бус удаа сонгогдож, “Автобус-1” НӨҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг удирдаж байв. Нэр дэвшигч Д.Батсайханы хувьд хоёр дахиа УИХ-д өрсөлдөж байгаа нь энэ. ХААН, Төрийн банкийг удирдаж явсан тэрбээр Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан тул тус бүс нутагт тэгтлээ шинэдэхгүй болов уу. АН-ын нэр дэвшигчдийн есдүгээрт бичигдсэн Б.Түвшин улс төрд ч, эдийн засаг, банк, санхүүгийн салбарт ч гэнэт гарч ирсэн хүн биш. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад тэрбээр өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн юм. Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийг удирддаг түүнийг даатгалын бизнес эрхлэгчдийн дунд нөлөө бүхий хүн гэдэг. Жагсаалтын 10 дугаарт буй Н.Тэгшбаяр нь физикч бөгөөд Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байв.
Үндэсний эвслээс тус тойрогт дөрвөн хүн нэр дэвшүүлжээ. Ажил, мэргэжлийн стандарт, хүний хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх Ц.Батдорж нь 2004-2007 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн туслах, 2007-2013 онд Парламентын судалгааны төвд референт, эрдэм шинжилгээний ажилтан байж. “Мон легал сервис” компанийн ерөнхий захирал Н.Цэвээн тус эвслээс нэр дэвшиж буй бөгөөд 2018-2019 онд ШШГЕГ-т Хуулийн хэлтсийн дарга, 2019-2020 онд “Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент” үнэт цаасны компанийн дэд захирал, “Увс нутгийн хөгжилд бидний оролцоо” ТББ-ын тэргүүнээр ажилласан байна. Гурав дахь нэр дэвшигч Д.Авирмэд нь МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн дэд профессор аж. Мөн “Буянт говийн залаа хайрхан” ХХК-ийн захирал Н.Давааням тус эвслээс өрсөлдөж буй.
ИЗНН-ын зургаан нэр дэвшигчээс Ц.Мөнгөнтулга нь лаборант мэргэжилтэй бол Б.Бат суурь нь “Солонго тээвэр зууч” ХХК-д менежерээр ажиллаж байжээ. Мөн нэр дэвшигч Ц.Батлхагва нь 2017 оноос хувиараа бизнес эрхэлж буй тогооч, нарийн боовчин аж. Тэгвэл геологийн мэргэшсэн инженер Ж.Амартайван, дуучин Х.Батмэнд, хүний их эмч Ч.Мөнхжаргал, сэтгүүлч Т.Цолмонсайхан нарын таван хүнийг Шинэ, МУНН-ын Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшүүлжээ.
2016-2020 оны парламентад Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж сонгогдсон дуучин С.Жавхлан энэ удаа төрсөн нутагтаа БНН-аас өрсөлдөх нь. Өнгөрсөн сонгуулиар Увс аймагтаа АН-аас нэр дэвшээд өвдөг шороодохдоо тэрбээр дахиж нутгаа зүглэхгүй, миний дууг увсынхан битгий сонсоорой хэмээн гомдоллож байлаа. Түүнтэй хамт тус намаас дөрвөн хүнийг сойжээ. Иргэний хөдөлгөөний намаас 10 хүн нэр дэвшүүлсний эхний хоёр нь Алтансүх хэмээх ижил нэртэй. Тус намын нэр дэвшигч Н.Сандаг өмнө нь Говь-Алтай аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас өрсөлдөж байж.
ХҮН намын есөн нэр дэвшигчийг Увс аймгийн намын хорооны дарга Х.Болор-Эрдэнэ тэргүүлжээ. Тэрбээр Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн яаманд хэлтсийн даргаар ажиллаж байв. Түүний араас хэл шинжлэлч Д.Өнөржаргал, Ховд аймгийн намын хорооны дарга, “Сеносайт интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Д.Буянбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Ногоон нуур-1008” айлын орон сууцын төслийн нэгжийн ахлах инженер Б.Амараа нарыг жагсаасан байна. Б.Амараа нь Завхан аймгийн намын хорооны дарга аж. Мөн Баянгол дүүргийн намын хорооны тэргүүлэгч С.Соёмбо, “Улаанбаатар усан цэнэгт цахилгаан станц” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Хаш-Эрдэнэ, “Монголиан метал ложистик” компанийн гүйцэтгэх захирал, Говь-Алтай аймгийн намын хорооны дарга М.Бямбадорж зэрэг нэр дэвшигч ХҮН намын “багц”-д бий.
Монголконсерватив намын хоёр нэр дэвшигчийн нэг В.Төмөрбаатар нь Увс аймгийн Хяргас сумын харьяат, сагсан бөмбөгийн ОУХМ, улсын шүүгч юм. Харин Үнэн ба зөв намын нэр дэвшигч А.Дорждагва нь өнгөрсөн сонгуулиар Шинэ нэгдсэн эвслээс Завхан аймагт өрсөлдөж байв. Мөн тус намаас нэр дэвшиж буй Б.Баттогтохыг“прэйнк” гэж тодотговол илүүтэй таних болов уу. Тэрбээр хүмүүсийг хуурч, нүүрэндньбялуунялжбайгаабичлэгээрээ нийгмийн сүлжээнд “од” болж байсан нэгэн. Ард түмний олонхын засаглал намын дөрвөн нэр дэвшигчийн нэгдүгээрт Ч.Ерөөлтүвшинг жагсаажээ. Тэрбээр эхнэрийн хамт “Хөдөөний айл” пэйж хөтлөн, сургалт явуулдаг билээ.
Иргэдийн оролцооны нэгдэл намын таван нэр дэвшигчийн нэг Б.Нямдолгор нь уламжлалт анагаах ухааны эмч бол С.Мөнх-Очир нь “Мобифинанс” ББСБ-д дизайнераар ажилладаг аж. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас эдийн засагч Т.Ариунтунгалаг, нийгмийн сэтгэл судлаач Б.Мөнх-Алтай, дизайнер Б.Анундарь нарын долоон хүнийг нэр дэвшүүлжээ. Тэдний нэг М.Нямгэрэл нь өнгөрсөн сонгуулиар Хан-Уул дүүрэгт МНН-аас өрсөлдөж байж.
Бие даан нэр дэвшигчдийн тухайд Ц.Бат-Эрдэнэ нь өнгөрсөн сонгуулиар Увс аймагт мөн өөрийгөө сойж байсан юм. Түүнчлэн тэдний дунд хоёр Энхбаяр бий. Мөн бие даагч А.Санжмятав нь Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймгийг зорихоор энэ сарын 10-нд буюу сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдөр нийслэлээс хөдөлжээ. Тэрбээр МУИС-ийн багш, боловсрол судлалын доктор бөгөөд “Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс төрд завилж, хэчнээн хүний санал авахаа хүртэл тооцчихсон байгааг эсэргүүцэж дугуйтай гарлаа” хэмээн онцолжээ. Үүгээрээ баруун аймгуудын хөгжил дугуйн хурднаас ч удаан байгааг илэрхийлэхийг зорьсон гэнэ.