УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. 2024 оны ээлжит сонгуульд тойрогт 19 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч 996, жагсаалтаар 15 нам, хоёр эвслээс 370 буюу нийт 1336 нэр дэвшигч оролцох нь. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга удирдлага УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн иргэдийн төлөөлөлд үнэмлэхийг нь гардуулж, амжилт хүслээ. Зарим нам, эвслийн тухайд төлөөлөл нь нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг сонгуулийн төв байгууллагынхнаас гардан авч, өөрсдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааны үеэр нэгдсэн байдлаар өгсөн юм.
Сурталчилгааг албан ёсоор эхлүүлсэн тул АТГ нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, Үндэсний аудитын газар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд хийсэн дүгнэлтийг цахим хуудсандаа нээлттэй байршуулав.
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХӨГЖҮҮЛЖ, ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ
Үндэсний эвслийн сурталчилгааны нээлтийн үеэр тус эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Яг 100 жилийн өмнө Солийн Данзан хэмээх төр, нийгмийн түүхэн зүтгэлтэн Монгол орны ирээдүйн хувь заяаг тодорхойлох үзэл санааг “үндэсний ардчилал” хэмээн нэрлэж, капитализмыг алгасахгүйгээр хөгжих бодлого дэвшүүлсэн. Үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан Үндэсний эвсэл үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, бүгдээрээ баяжих бодлого бүхий мөрийн хөтөлбөр боловсруулснаа танилцуулж байна. Үүний хэрэгжүүлж чадах нэр дэвшигчдийг иргэдийнхээ бодол санаанд тулгуурлан илгээлээ. Бодлого болон түүнийг хэрэгжүүлэх хүмүүс тодорхой болсон учраас Засгийн газрыг тэргүүлэх итгэл надад хүлээлгэснийг би хүлээн авч, зүтгэлээр хариулна.
Надад бусдыг хамгаалах эр зориг бий. Хамгийн гол нь өөрчлөлт, шинэчлэлийг нийтээрээ хүсэж байгаа нь хамгийн их итгэл төрүүлж байна. Монголын намууд өөр хоорондоо тэмцэлдсэний уршгаар монголчууд бид хохирсныг өнгөрсөн 34 жил хангалттай нотолно. Тиймээс ч Үндэсний эвслийг байгуулсан цагаасаа бусад намтай хамтран ажиллахаа илэрхийлж, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Төрөө хулгайч нараас цэвэрлэж, төсвөө иргэдийн хөгжилд зарцуулж, төрийн дарамтыг устган, хувийн хэвшлийн төлөө ажиллуулж, төгрөгийн үнэгүйдлийг арилган, төлбөр нэхэгдэх өргүй улсыг үндэстнээрээ бүтээж, баяжъя. Төрийн ёст, журамт үүргийг хамтдаа сэргээе. Тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөгийг саная. Бид туг нь болж тэмцье” хэмээн уриалав.
Гэхдээ түүний нэр өчигдрийн байдлаар нэр дэвшигчдийн жагсаалтад байгаагүй юм. Учир нь түүнийг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороонд үдээс хойш ирүүлсэн байв. Улмаар үүнийг хэлэлцэх хуралдааныг сонгуулийн төв байгууллагынхан товлоогүй байсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үү, эсвэл шүүхийн дараагийн шатанд хандах уу гэдгийг шийднэ.
МАН: ХОТ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМД ИЛҮҮТЭЙ ЧИГЛЭНЭ
МАН-ын сурталчилгааны нээлтийн үеэр тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ “Ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө хот, хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформд илүүтэй чиглэх болно. Энэ ч утгаараа МАН жагсаалтын тэргүүнд хот төлөвлөгч, мэргэшсэн архитектор, доктор, манай улсын шилдэг залуу мэргэжилтэн Г.Лувсанжамцыг урьсан юм. Намын жагсаалтад мэргэжлийн экспертүүд, салбар салбарын төлөөлөл орох нь зөв үү, эсвэл улс төрчид нь өөрсдөө өрсөлдөх хуучин жишиг хэвээр үргэлжлэх үү гэдгийг шийдвэрлэх улс төрийн шинэ соёл тогтох сонголт байх болно. Энэ бол ард түмний ялалт байх болно. Тиймээс Ардын нам ялах нь ард түмний ялалт байх болно” гэв.
Мөн ирэх дөрвөн жил “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “мянганы зам”-ын үргэлжлэл болгож аймгийн төвүүдийг хооронд нь, боомтуудтай холбосон таван тойрог авто замын төслийг хэрэгжүүлэн, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэхээ онцлов. Түүнчлэн “20 минутын хот” байгуулан, Хөшигийн хөндийтэй холбож, нийслэлийн Их, Бага тойрууд төвлөрсөн төрийн эрх мэдлийг задалж, нийтийн үйлчилгээний нэг цэгийн төвийг “E Mongolia” төсөлтэй уялдуулан шинээр байгуулна, шинэ хот, шинэ 30 жилийн бэлгэдэл “Go Mongolia” гүүр бий болгоно, Үндэсний баялгийн сангаар Үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Сингапур улсын загвараар хэрэгжүүлнэ, эрчим хүчний салбарын цогц реформ хийнэ хэмээн дурдаж, бодлого ярьж өрсөлдөхийг бусад намд, сонгуульдаа заавал оролцохыг ард иргэд, залуучууддаа, хилийн чанадад амьдарч буй монголчууддаа уриалав.
ХҮН: ӨӨРЧИЛНӨ, ЦАГ НЬ БОЛСОН
Мөн ИЗНН-ын төв байранд болсон, нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үеэр тус намын дарга Б.Батбаатар “Бид өөрчлөх, шинэчлэх зоригтой байж дор бүрнээ зорилгоо биелүүлэн, итгэл найдвараараа жигүүр хийж, хүсэл мөрөөдөлдөө хүрэн, бидний сүлдэнд байгаа цагаан шонхор шувуу шиг хөх тэнгэртээ элэн халих мэт зоригтой байх ёстой” хэмээн онцлов. Үүний дараа тус намын удирдлага нэр дэвшигчдийн хамт сурталчилгаагаа эхлэхээр Дорнод аймгийг онгоцоор зорьсон юм.
ХҮН намынхан “Өөрчилнө, цаг нь болсон” уриатайгаар энэ удаагийн сонгуульд оролцох нь. Тус намын мөрийн хөтөлбөр хүчирхэг эдийн засаг, хүндээ зориулсан хөрөнгө оруулалт, хүний эрхийг дээдэлсэн, цомхон, чадварлаг, авлигагүй төр, байгальд ойр хөгжил, батлан хамгаалах, гадаад харилцаа, гадаадад суугаа монголчуудад чиглэсэн бодлого гэсэн таван хэсгээс бүрджээ.
АН-ын сурталчилгааны нээлтийн үеэр тус намын дарга Л.Гантөмөр “Өнгөрсөн найман жилд монголчуудад тулгарч буй асуудлуудыг шийдээгүйг хүн бүр хэлж байгаа. Иймд биднийг одоо ажил хийгээд өгөөч гэдэг хүсэл, санал, санаачилгыг монголчуудаас гаргаж байна. Бид утаа, түгжрэлийг хэрхэн шийдэх вэ, боловсролын салбараа хэрхэн “босгож” ирэх вэ, залуус нь Монголдоо амьдардаг улсыг хэрхэн бий болгох вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах ёстой. Үйлдвэрлэлийг босгож ирэхгүйгээр Монгол өндийхгүй. Үүнийг хэрхэн бий болгох тухай бүх эдийн засгийн тооцоо АН-д бий. Энэ бүгдийг ажил болгох нь 2024 оны сонгуулийн онцлог байх болно” хэмээн онцлов.
Иргэний оролцооны нэгдэл намынхан сүртэй ёслолоор сурталчилгаагаагүй эхлүүлсэнгүй. Энэ нь ч тэдний нэгээхэн онцлог гэж хэлж болно. Тус намын мөрийн хөтөлбөрт боловсрол, бизнесийн орчин, тогтвортой хөгжлийн бодлогыг гурван багц болгон тусгажээ.