Өсвөр үеийн шатрын клубүүдийн холбооны тэргүүн Т.Сумъяа “Азийн бэлтгэл”, “Дэлхийн бэлтгэл” тэмцээнийг өсвөр үеийн тамирчдын дунд цөөнгүй зохион байгуулсан билээ. Тэгвэл түүний хүү, “Алдар” клубийн дасгалжуулагч, олон улсын их мастер С.Билгүүн аавынхаа дээрх тэмцээнийг сэргээн чансаа өндөр, шилдэг шатарчдын “Азийн бэлтгэл-2024” тэмцээнийг зохион байгууллаа. Үүнд 48 тамирчин өрсөлдсөн. Эрэгтэйчүүдээс “Гэгээн арвай” клубийн дасгалжуулагч, их мастер Б.Гүндаваа найман өргөөс 6.5 оноотой түрүүлэв. Эмэгтэйчүүдийн ангилалд “Стейниц Монголын шатрын академи”-ийн дасгалжуулагч Г.Мөнхбаярын шавь З.Нарансолонго алтан медаль хүртлээ. 2200 хүртэлх чансаатай ангилалд Б.Алдар тэргүүлж, 18 хүртэлх насныхад “Гэгээн арвай” клубийн Б.Тэнүүнболд, 12 хүртэлх насны ангилалд “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогч Б.Буянхишиг тэргүүн байрт шалгарлаа.