Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн Докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийн хуралдаанаар тус сургуулийн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат “Эрүүгийн процессыг хэрэгжүүлэх цагдаагийн албаны менежмент” сэдвээр хууль сахиулахуйн удирдлагын доктор, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар, Гавьяат хуульч Х.Буянтүмэн “Мөрдөгчийн бие даасан байх зарчим” сэдвээр гэмт явдал судлалын докторын зэрэг хамгаалжээ.
Хурандаа Б.Эрдэнэбат докторын зэрэг хамгаалсан диссертацынхаа талаар “Энэ судалгааны ажил бол эрүүгийн процессын эрх зүй, удирдлагын шинжлэх ухааны харилцан хамаарал, мэдлэгийн тогтолцоо, түүний үндсэн ойлголтыг тодорхойлж, мөрдөн шалгах ажиллагаанд менежментийн тусгай мэдлэгийг ашиглах эрх зүйн оршихуй, үнэт зүйлийг нээн гаргаж, хууль сахиулах удирдлагын эрх зүйн бие даасан байр суурийг тодорхойлох оролдлого хийснээрээ онолын ач холбогдолтой. Судалгааны ажлын үр дүнг өргөн утгаар авч үзвэл гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг орчин үеийн менежментийн онолтой хослуулан, шинэ арга, хэлбэрийг судалгааны үндэстэй нэвтрүүлэх практик чухал ач холбогдол бүрдэхээс гадна энэ чиглэлийн судалгааны ажлын үндэс суурь тавигдана” гэсэн юм.
Харин Гавьяат хуульч Х.Буянтүмэн “Судалгааны ажлаар боловсруулсан мөрдөгчийн бие даасан байдал, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаарх дүгнэлт нь эрүүгийн процессын хууль тогтоомжийн хөгжилд зохих хувь нэмэр оруулах төдийгүй мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах мөрдөгчийн үйл ажиллагааны талаар судлаач, эрдэмтдийн бүтээлч мэтгэлцээнийг өрнүүлэх, цаашид уг асуудлыг гүнзгийрүүлэн судлах суурь үндэс болох юм. Энэ судалгааны ажлаар боловсруулсан мөрдөгчийн бие даасан байдал, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаарх дүгнэлт, санал, зөвлөмжийг эрүүгийн процессын хууль тогтоомжид тусгаж мөрдөн байцаах ажиллагааны практикт нэвтрүүлэх, хууль тогтоогч, хэрэглэгч, багш, судлаач, оюутны мэдлэгийн хүрээг өргөжүүлэх гарын авлага, судлагдахуун болох боломжтой” хэмээн тайлбарласан юм.