Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн есдүгээр сарын 10-15-нд Франц улсад болно. Тус тэмцээнд 65 орны үндэсний ялагч буюу 22 хүртэлх насны 1500 хүүхэд, залуус 59 мэргэжлээр өрсөлдөх юм. Манай улсаас мужаан, өрөг угсрагч, тогооч, гагнуур, цахилгаанчин, сантехникч, CNC токарийн төрөлд үндэсний ялагч болсон залуус дээрх тэмцээнд өрсөлдөхөөр өдгөө бэлтгэлээ базааж буй аж. Тэд бүгд МСҮТ-ийн суралцагчид аж.
Манай улс оролцогчдынхоо ур чадварыг сайжруулах, амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулахаар болсныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Үүний хүрээнд “Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогчдод сэтгэл зүйн сургалт зохион байгуулах, зөвлөн туслах чиглэлээр ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчийг шалгаруулахаар болжээ. Сэтгэл судлалын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, тэмцээн, уралдааны сэтгэл зүйн бэлтгэл, стресс даван туулах, сэтгэл хөдлөлөө удирдах, өөртөө итгэх, төвлөрөх зэрэг ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүд дээрх газрынхантай холбогдож болох нь. Энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй сэтгэл зүйчдийг бүртгэсний дараа шалгаруулалт явуулж сонгох аж.
Бэлтгэсэн М.Оч