Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг бүртгэхээс татгалзаад байв. Эдгээрээс16 нам, хоёр эвслийн 101 нэр дэвшигч, гурван бие даагч буюу нийт 104 иргэн зөрчлөө арилгасан гэж үзэж дахин бүртгүүлэхээр баримт бичгээ ирүүлжээ. Сонгуулийн төв байгууллага ирэх 10-наас өмнө нэр дэвшигчийг бүртгэх, эсэхээ эцэслэн шийдвэрлэх юм. Ийн сонгуульд өрсөлдөхөөр материалаа хүргүүлсэн нэр дэвшигчдээс заримыг нь бүртгээгүй Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хардлага, эргэлзээ дагуулав.
Тухайлбал, АН, МАН гэсэн нөлөө бүхий намуудын эсрэг хүчтэй өрсөлдөгч болж мэдэх Үндэсний эвслийн тэргүүн, жагсаалтынхаа нэгдүгээрт бичигдсэн Н.Номтойбаярыг “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдсон” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь ихээхэн сэжиг төрүүлээд буй. Эрх баригчид, сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг томилсон хүмүүсийн захиалгаар өрсөлдөгчийг нь зайлуулж эхэллээ хэмээн харах хүн бишгүй байна. Н.Номтойбаяр ч ийм байр суурь илэрхийлж, өөрт холбоотой асуудлаар тайлбар авахаар Дээд шүүхэд хандахдаа “ЦЕГ-ын тодорхойлолт, МАН-ын хуулиас давсан дүрмийг удирдлага болгосон албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч шийдвэрлэсэн зэрэг нь төрийн эрхийг зохион байгуулалттайгаар хууль бусаар авах гэсэн оролдлого.
Сонгуулийн ерөнхий хороо яагаад Улстөрийн намын тухай хуулийг үл тоон, МАН-аас илгээсэн матаас бүхий бичигт үндэслэн манай нэр дэвшигчдийг хасдаг юм бэ” хэмээв. Тус эвслээс Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг буюу аравдугаар тойрогт нэр дэвшиж буй П.Баярхүү (нийслэлийн Засаг даргын орлогч асан), Д.Ганболд (УИХ-ын гишүүн асан), жагсаалтын зургаадугаарт бичигдсэн Н.Хулан нарыг Ардын намын гишүүнчлэлтэй хэвээр гэж үзэн бүртгээгүй. Тэд харьяалах намын хороондоо өргөдлөө уламжилж, түүнийг нь хүлээн авч баталгаажуулсан баримт байсаар атал “Өөр намын гишүүн” гэх үндэслэлээр татгалзсан нь анхаарал татав.