Пүрэв гарагт Нью-Йорк хотын тангарагтны шүүх АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампыг порно жүжигчин Сторми Даниэлст мөнгө төлөхдөө ““Тrump Orgamization” компанийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Энэ тухай CNN мэдээлэв.
Трампыг дээрх хэргийн бүх 34 зүйл ангид буруутай гэж үзжээ.
Тэрээр АНУ-ын түүхэнд тангарагтны шүүхээс гэмт хэрэгт буруутайд тооцогдсон анхны ерөнхийлөгч болов.
Шүүгч Хуан Мерчан 7-р сарын 11-нд ял оноох товыг зарласан байна.
Долдугаар сарын 15-18-ны хооронд Висконсин мужийн Милуоки хотноо болох Бүгд найрамдах намын үндэсний их хурлаар Трампыг тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор батлах ёстой ч дөрөв хоногийн өмнө нэр дэвшигчид ийнхүү ял оноох болов.
Шүүхийн шийдвэр гарсны дараа Трамп гэм буруугүй гэдгээ дахин илэрхийлж, шүүхийн шийдвэрийг гутамшиг гэж нэрлэжээ. Түүний үзэж буйгаар энэ нь түүний улс төрийн нэр хүндэд халдах зорилгоор хийсэн явуулага гэнэ.
АНУ-ын экс Ерөнхийлөгчийг мөрдөн шалгах болсон шалтгаан нь 2018 оны нэгдүгээр сард “The Wall Street Journal” сэтгүүлд гарсан нийтлэлтэй холбоотой.
Нийтлэлд бичснээр, 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Трамп ялахаас нэг сарын өмнө түүний өмгөөлөгч Майкл Коэн порно жүжигчин Сторми Дэниэлст 130 мянган ам.долларыг 10-аад жилийн өмнө Трамптай харилцаатай байсан талаарх мэдээллийг тараахгүй байх тохиролцооны дагуу өгчээ.
2018 онд Коэн хэд хэдэн хэргээр шүүгдсэний нэг нь Трампын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн дүрмийг зөрчсөн, тэр дундаа Даниэлст төлсөн мөнгөтэй холбоотой юм. Тухайн үед төрийн тэргүүний халдашгүй дархан эрхтэй холбоотойгоор Прокурорын газраас Трампын эсрэг нэхэмжлэл гаргаагүй аж.
Гэсэн хэдий ч 2022 оны арваннэгдүгээр сард Манхэттэн дүүргийн прокурорын газар шинэ мөрдөн байцаалт эхлүүлсэн. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Трамп өмгөөлөгчдөө зарцуулсан мөнгийг нөхөн төлж, түүнийгээ “Тrump Organization” компаниар дамжуулан хуулийн хураамжийн төлбөр болгон мэдүүлсэн гэж үзжээ.
2023 оны 4-р сарын 4-нд Нью-Йоркийн шүүх Дэниэлст мөнгө төлсөн хэргээр Трампыг хариуцлагад татжээ.
Үүнээс гадна Трамп Капитол руу дайрсан хэрэгт, нууцын зэрэглэлтэй бичиг баримтыг зүй бусаар хадгалсан, 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон зэрэг хэд хэдэн хэрэгт холбогдсон юм.