Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхонд байр захиалж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад 26 хонож байна. Тэд барилга барина гэж ухсан хоосон нүхний дэргэд өлсгөлөн зарласан бөгөөд өчигдөр олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Нийт 11 хүн өнгөрсөн сарын 29-нөөс эхэлж өлсгөлөн зарлажээ. Энэ хугацаанд нэг хүний бие муудсан тул эмнэлэгт хэвтүүлсэн байна. Тэдний эрүүл мэндийг эмч нар хянаж буй бөгөөд зургаан хүнийг ходоод болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй тул цааш өлсгөлөнгөө үргэлжлүүлэх боломжгүй гэж дүгнэжээ. Мөн өлсгөлөн зарласан хүмүүсийг уураг, илчлэгийн дутагдалд орсныг анхааруулсан байна. Гэвч бүх хөрөнгөөрөө дэнчин тавьж, итгэл найдвараа алдсан иргэд хохирлоо барагдуултал өлсгөлөнгөө зогсоохгүй гэв. Тэдний зургаа нь эмэгтэй бөгөөд 20-45 насныхан. Тэдний нэг иргэн Н “Бид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлая гэсэн ч Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар эндээ байхыг зөвлөсөн. Өлсгөлөн зарлаад 16 хонож байхад “Монтойбүрд” ХХК-ийн захирал Х.Батхишиг бид нартай ирж уулзсан. Тэрбээр “Өлсгөлөнгөө зогсоо, тохиролцмоор байна. 2.8 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг та нарт өгнө” гэж хэлсэн. Бид энэ үгэнд итгээд барьсан гэрээ буулгаж, түүнтэй уулзахаар очсон. Гэвч албан өрөө нь цоожтой, хэлсэн газартаа ирээгүй. Тиймээс дахин гэр барьж, өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. “Хөх дэгд” хотхонд хүмүүс 2021 оноос эхэлж захиалга өгсөн юм билээ. Гэрээний дагуу 2023 оны долоодугаар сард ашиглалтад оруулах байсан” гэв. Олон жил хуримтлуулсан бүх хөрөнгөө алдахын зэрэгцээ сэтгэл санааны хохирол амссанаа тэд хэлж байлаа. Хамаг эд хөрөнгөө алдсаны улмаас нөхрөөсөө салж, дөрвөн хүүхдийн хамт орох оронгүй болсон нэгэн эмэгтэй “Бид төр, засгаас мөнгө гуйгаагүй. Буруутай этгээдээс хохирлыг шуурхай гаргуулахад анхаарч өгөөч” гэсэн юм.
2024.05.27
Байрны урьдчилгаа нэрийдлээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж авсан уг хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж буй. Тодруулбал, “Монтойбүрд” ХХК-ийнхан “Хөх дэгд” хэмээх 556 айлын хотхонд 132 иргэнээс байрны урьдчилгаанд 2.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг гэрээгээр халхавчлан авч, их хэмжээний хохирол учруулсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Энэ хэрэгт тус компанийн захирал Х.Батхишигийг холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас өмнө нь мэдээлсэн. “Монтойбүрд” ХХК-ийнхан 2022 оны долоодугаар сараас 2023 оны арванхоёрдугаар сарын хугацаанд нийт дөрвөн тэрбум орчим төгрөгийн хохирол иргэдэд учруулсан байна.
Бэлтгэсэн Ч.Болор