УИХ-ын нэр бүхий гишүүд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төсөлд хоёр зүйлийн өөрчлөлт оруулахаар тусгажээ. Тухайлбал, гаалийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалтад өөрчлөлт оруулан, үйлдвэрлэл технологийн паркийн удирдлага, нэгж өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж, үндсэн үйл ажиллагаандаа ашигласан барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас хугацаагүй чөлөөлөхөөр тусгасан гэнэ.
Мөн тус хуулийн 40.4 дэх хэсэгт үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулж байгаа барилгын материал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгах шийдвэрийг Засгийн газар гаргахаар зохицуулсан байна. Ингэснээр хөрөнгө оруулалт татах эрх зүйн таатай орчин бүрдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэн, үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломжтой болно гэж хууль санаачлагчид үзэж буй.
Энэ талаар Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн “Импортоор оруулж ирж байгаа үйлдвэр, түүний тоног төхөөрөмжийн гаалийн тариф, татварыг тогтоогоод, үйлдвэрийг тодорхой хугацаанд ажиллуулсны дараа бүтээсэн орлогоос төлүүлэх нь зүйтэй. Жишээлбэл, 2014 онд “Суурь” ХХК-ийн хүсэлтээр “Ландбридж” ХХК-ийнхан ХБНГУ-аас “Технокат” маркийн явуулын бетон зуурмагийн үйлдвэрийн дөрвөн ширхэг, 106.5 тн тоног төхөөрөмж оруулж ирсэн. Тэдгээр нь одоо “Туушин” ХХК-ийн Гаалийн бүрдүүлэлтийн агуулахад бий. Гаалийн татварын дарамтаас болж бетон зуурмагийн уг үйлдвэрийг одоо болтол ажиллуулж чадахгүй байна.
Дээрх тоног төхөөрөмжийн үнэ нь 654.4 сая төгрөг. Гаалийн татварыг үйлдвэрийн орлогоос нь төлүүлдэг болчихвол ийм асуудал үүсэхгүй. Түүнчлэн “Бүлээн даваа” ХХК бетон зам тавихад бэхжүүлэхэд ашиглах бодис оруулж ирээд мөн л гаалийн бүрдүүлэлтийн агуулахад хадгалж байх жишээтэй. Бетон зуурмагийн үйлдвэрийн 96.7 сая төгрөгийг тэр үед нь шийдсэн бол өдийд 10 гаруй жилийн буюу 441.4 сая төгрөгийн агуулахын хадгалалтын зардал үүсэхгүй байв. Энэ мэтээс болж компаниудад ихээхэн хохирч байна. Иймд эдгээр асуудлыг шийдэж өгөхийг Засгийн газраас хүсье” гэв.