УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлахдаа цөөнгүй хууль тогтоомж зөрчсөн хэмээн эдийн засагч Н.Энхбаяр мэдээлэв. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь Төрөөс малчдын талаар баримтлах бодлого батлах тухай 2009 оны УИХ-ын тогтоол, Малчдын хоршоог хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 2013 оны Засгийн газрын тогтоол, 2020 оны Засгийн газрын Монгол малчин хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлоготой агуулгатай нэгтэй эрх зүйн бичиг баримт болсон.
Хамгийн гол нь Хууль тогтоомжийн тухай хуулиа зөрчиж Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Олон нийтээр хэлэлцүүлээгүй. Дорвитой судалгаа, дүгнэлт хийгээгүй, өмнөх эрх зүйн бичиг баримтуудаа хуулбарлаж, хуульд оруулсан. Нэн яаралтай горимоор хэмээх тайлбар өгч байгаа ч энэ бодит байдалд нийцэхгүй, энгийн журмаар хэлэлцэж болох байсан.
Үүнээс гадна Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэв. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд 5 их наяд төгрөгийг төсвөөс гаргах шаардлагатай гэнэ. Гэвч хуулийн төсөвтэй холбоотой заалт арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй буюу долоохон сарын настай аж. Тодорхой хэлбэл, тус хуулийн 12.1-т “Энэ хуулийн 6.1.7 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөнө” гэж хуульчилсан байна.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэсгээс...
6.1.7.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.
6.2.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулна.
6.3.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.
Дээрх заалтууд Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгааг эдийн засагч Н.Энхбаяр онцолсон юм. Мөн байгалийн хуулиар зохицуулагддаг харилцааг бичмэл хуулиар зохицуулах боломжгүй гэж хэллээ. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавартай ямар аргаар хэрхэн тэмцэх вэ гэдэг нь бодлогын арга хэмжээ болохоос бус хуулиар зохицуулах нийгмийн харилцаа биш гэсэн юм. Эцэст нь нэг удаагийн зохицуулалт хийхийн тулд Төсвийн ерөнхий хуулийг зөрчсөн заалт оруулсан нь буруу жишиг гэдгийг онцолсон билээ. Нээлттэй нийгэм форумын байранд болсон эл уулзалтад иргэний нийгмийн төлөөллүүд оролцож байр сууриа илэрхийлсэн бөгөөд цаашид Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдсэн юм.