Узбекистан улсад зохион байгуулсан, модон барилдааны өсвөр үе, насанд хүрэгчдийн Азийн АШТ-д зургаан орны 178 тамирчин 23 жинд өрсөлдлөө. Тивийн шилдгүүд зургаа дахь удаагаа хүч сорьсон тус тэмцээнд манайхаас хөвгүүдийн 60 кг-ын жинд С.Баянсан шагналын салхи хагалж мөнгө, 70 кг-д Б.Дөлгөөн хүрэл медаль хүртэв. Тэдний амжилтыг буухиалж 80 кг-д Б.Гарьд Азийн аварга боллоо. Охидоос 60 кг-д Э.Орхонтамир, 70 кг-д Г.Гүндэгмаа нар III байрт шалгарч медалийн тавцанд зогссон.
Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 125 кг-ын жинд Б.Мөнхтүшиг мөнгө, 70 кг-д М.Алтайбаатар, 75 кг-д М.Шындаулет нар Нукус хотын дэвжээнд шагналын хур буулгаж, хүрэл медальтнуудын тоог ахиулжээ. Эмэгтэйчүүдийн 65 кг-д Б.Чойсүрэндорж, 75 кг-д Д.Баасансүрэн, Н.Тайванжаргал, 85 кг-д Б.Эрдэнэтуяа мөн хүрэл медаль гардсан юм.
Тэгвэл үнэмлэхүй жинд аваргын төлөө эрэгтэйчүүдээс М.Буяндалай, эмэгтэйчүүдээс Н.Тайванжаргал нар өрсөлдсөн ч учраадаа хожигдож, мөнгөн медалийн болзол хангав. Монголын баг нэг алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл медаль гардсан амжилтаар III байр эзэлсэн байна. Хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн уг тэмцээнийг олон улсын шүүгч Б.Даариймаа дэнсэллээ.