Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс оны эхний дөрвөн сарын байдлаар иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 260 гомдол, мэдээллийг хянан шалгав. Нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 43 хувь нь орон нутгаас иржээ. Үүнээс Баян-Өлгий, Архангай, Сэлэнгэ, Увс аймгаас ирүүлсэн гомдол, мэдээлэл давамгайлж байна. Шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, болон тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулсан, орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулсан гэх гомдол, мэдээлэл багагүй хувийг эзэлж байна.
Хяналт шалгалтаар сум орон нутгийн түвшинд төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, шаардлага, шалгуур хангасан этгээдийг нийтийн албанд томилох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг хэрэгжүүлэх, нийтийн албан тушаалтны ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын сургуулийн захирал З.Нарантуяа, Дэлүүн сумын сургуулийн захирал М.Роза, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга С.Хонаев, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг зэрэг албан тушаалтуудад “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах” чиглэлээр зөвлөмж хүргүүлж биелэлт, үр дүнг тооцон ажиллаж байна.
Эх сурвалж: АТГ