Автобус хүлээн авах ажлын хэсэг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Дээрх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурж, техникийн стандартыг баталгаажуулсан байна. Үүнээс 4 нь автобус хүлээн авах үйл ажиллагаанд оролцоогүй хэрнээ гарын үсэг зурсан зөрчил илэрчээ. Мөн дээрх гишүүдээс автобустай танилцах уулзалт хийх үед нэг нь чөлөөтэй, нэг нь амралтаа авсан, нэг нь түр тушаалаар ажилд орсон хүмүүс байв. Харин зарим нь "Бидэнд үзүүлсэн автобус стандартын бус байгаагүй" хэмээх байр суурийг сонсголын үеэр илэрхийлэв. Өнөөдрийн сонсголд тухайн үед техникийн тодорхойлолт хийсэн алба багаараа ирээгүй юм. Гэвч албадан авчрах эрхзүйн үндэс байхгүй учраас ийнхүү сонсгол үргэлжилж байна.
ННТГ-ын Ачаа тээвэр логистикийн хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч асан Б.Мөнхболд “Удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүгд ажилласан. Гэтэл хариуцлага үүрнэ гэдэг бол учир дутагдалтай байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.