Монгол Улсын Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дугаар хурлыг тавдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Уг тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөх хорооны 48 дугаар хурлыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор хийнэ.
Энэхүү хурлыг хоёр жил тутам нэг удаа Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсууд ээлжлэн зохион байгуулдаг. Хурлын үеэр гишүүн улсуудад тулгамдаж буй хөгжлийн асуудлууд болон уг байгууллагаас бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг хэлэлцдэг. Монгол Улсад зохион байгуулах 48 дахь хуралд гишүүн 28 улсын Засгийн газрын төлөөлөгчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцоно.
Шри Ланка улсад төвтэй “Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны “Коломбын төлөвлөгөө” байгууллага нь 1951 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй бүс нутгийн Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус байгууллагын гишүүнээр 28 улс элссэн бөгөөд үүнд АНУ, Австрали, Шинэ Зеланд тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудаас гадна Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй улсууд багтдаг. Монгол Улс тус байгууллагад 2004 онд гишүүнээр элссэн.
Тус байгууллага нь Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг болон нийгмийн хөгжлийг дэмжих, гишүүн улсууд хоорондын техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, технологи шилжүүлэх, хуваалцах явцад дэмжлэг үзүүлэх, хөгжлийн туршлага солилцох ажлыг зохион байгуулах үндсэн зорилготой.
Энэ хүрээнд тус байгууллага дараах дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр зөвлөх хөтөлбөр,
- Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх хөтөлбөр,
- Жендэрийн хөтөлбөр,
- Байгаль орчны хөтөлбөр.