Монголын ногоон нам, МҮАН-ын Үндэсний эвсэлд Монголын либерал ардчилсан нам нэгджээ. Хамтран ажиллах санамж бичигт Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар өчигдөр гарын үсэг зурж, мэдээлэл хийв. Түүнчлэн тус эвсэлтэй хамтран ажиллахаа хэд хэдэн нам илэрхийлсэн бөгөөд Монголын либерал ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа эрх баригчдын өөрсдөдөө зориулсан сонгуулийн тогтолцооны үед нэгдэж, нийлэхээс аргагүй байгааг онцолсон. Эвслийн тэргүүн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Өнгөрсөн саруудад та орон нутагт ажиллалаа. Өнөөгийн эрх баригч намын гишүүн байсны хувьд юу бодогдов. Гуравдагч хүчнийхэн сонгуульд амжилттай оролцох орон зай харагдана уу?
-Эрх баригч намын гишүүн байхдаа ч болохгүйг нь хэлж, засахыг хичээж ирсэн. Үндэсний эвслийн дэвшүүлсэн үзэл санааг сонгууль угтаж боловсруулсан юм биш. Бүх аймаг, дүүргийн иргэдтэй уулзахад Монгол Улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь улс төрийн нам гэдгийг санал нэгтэй хэлж байна. Тиймээс ч бид эвслийнхээ тунхаг бичгийг боловсруулахдаа эвийг сахих, бодлогодоо хүрэх зорилго нэгтэй хүмүүстэй хүчээ нэгтгэх зарчимд тулгуурласан. Үнэнтэй нүүр тулж, эдийн засгийг либералчлах, төрийн ард нуугдсан намчдаас салахын тулд зоригтой ажиллах ёстойг ойлголоо. Өдгөө төрийн албаныхны 70 орчим хувь нь сонгуулийн штаб аятай ажиллаж байна. Үүнийг сөрж ажиллахад хэцүү. Ажил олгосон намдаа боол мэт зүтгэхгүй гэсэн төрийн зарим албан хаагч байгааг бас хэлэх хэрэгтэй. Эрх баригчдад найман жилийн турш хууртаж ханаснаа иргэд ярьж байна.
-Та нэр дэвших үү?
-УИХ-ын сонгуулийн тухай хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял авсан хүмүүс нэр дэвших эрхгүй. 2020 онд намайг улс төрөөс зайлуулахын тулд заавал хэрэг тохох шаардлага үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Эцэст нь Дээд шүүх гэмт хэрэг гэж үзэхгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Иймд нэрээ дэвшүүлэх бүрэн эрхтэй.
-Нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавьж байгаа вэ. Ардын намын гологдсон хүмүүс танайхыг зорьж буй гэх яриа бас бий.
-Юуны түрүүнд бид ямар бодлого, үзэл баримтлалын төлөө байгаа вэ гэдэг нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд салбар бүрийн хүмүүс хэрэгтэй. Миний ард ямар ч дарга, улс төрч байхгүй. Үндэсний эвсэл гологдсон хүмүүсийг цуглуулдаг хогийн сав биш. Нэр дэвшигчид хуулийн шаардлагыг хангах нэг хэрэг. Ер нь хүмүүс нэр дэвшиж байхдаа “хөөрхөн” байдаг. УИХ-ын гишүүн болсных нь дараа гууль нь цухуйж, хулгайч зан нь хөдөлдөг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хуульд заасан, элдэв гэмт хэрэгт холбогдоогүй гэх мэт шаардлага бол наад захын хэм хэмжээ гэж хэлж болно. Цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг нь өөрийнх нь төлөвшил, ёс зүй, сахилга баттай холбоотой. Тиймээс бид нэр дэвшүүлэх хүмүүсээ нэлээд шалгаж, нягталж байгаа. Тагнуул, цагдаагийн байгууллагынхан яаж шалгадаг билээ, тэр хэмжээнд өөрсдийнх нь зөвшөөрлөөр хянаж, нягталж байна. Биднийг гэсэн хүмүүсийн итгэл, найдварыг хэн нэгэн хүнээс болж хөсөрдүүлэхийг зөвшөөрөхгүй. Уг нь олон нийтээр хэлэлцүүлж байж нэр дэвшигчдээ тодруулах бодол байсан ч зөвхөн гишүүдийнхээ хүрээнд шийдэх хуулийн зохицуулалттай юм билээ.