Гүржийн эрх баригч намын өргөн барьсан “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг тус улсын парламент хэлэлцэж буйтай холбогдуулан эсэргүүцлийн жагсаал сар орчим үргэлжилж байна. Хуулийн төсөлд, гадаадын агентуудын бүртгэлийг бий болгох; 20-иос дээш хувийг гадаадаас санхүүжүүлдэг хуулийн этгээдийг бүртгэлд заавал хамруулах; бүртгүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд торгууль төлөх зэрэг зүйл заалт орсон нь олон нийтийн эсэргүүцлийг төрүүлжээ.
Гүржийн парламент “Гадаадын агентуудын тухай” хуулийн төслийг хоёрдох удаагийн хэлэлцүүлгээр олонхын саналаар батласан. Гэвч эсэргүүцлийн жагсаал олон хоног тасралтгүй үргэлжилж, түүнд голдуу 18-22 насны оюутан залуучууд өндөр идэвх, зохион байгуулалтайгаар оролцож байна. Тэд эсэргүүцлээ тодорхой төлөвлөгөөний дагуу илэрхийлж, нийгмийн сүлжээнд олон мянган дэмжигчдийг өөртөө татжээ.
Жагсагч залуус тодорхой лидер удирдагчгүй, бүх нийтийн жигд оролцоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан хийсэн талбайнхаа хогийг шүүрдэж, цэвэрлэж байгаа нь жагсаал хийх шинэлэг арга барилыг харуулж байна.
Эх сурвалж: lenta.ru