Манай улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болсон билээ. Тэжээвэр амьтны эзний эрх, үүргийг уг хуульд нарийвчлан тусгасан. Мөн амьтан тэжээхээр бэлдэж байгаа бол ямар шаардлагуудыг биелүүлэх ёстойг ч тодорхой заажээ. Тухайлбал, гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай. Мөн нохой, муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх зэргийг хуульчилсан юм. Сургалтаар асран хамгаалагчийн эрх, үүрэг болон нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгааны талаар зөвлөмж өгөх аж. Эдгээр шаардлагыг биелүүлж буй бол түүнийгээ батлах бичиг, нохой, муурын эрүүл мэндийн дэвтэр, бичил чипний дугаар, иргэний үнэмлэхийг хавсарган баг, хорооныхоо Засаг даргад хандана. Бичиг баримтыг Засаг дарга нь хянаж үзээд бүртгэлийн системд оруулснаар тухайн амьтны хууль ёсны эзэн болох нь. Хот, сууринаас бусад газарт нохой, муурын асран хамгаалагчаар бүртгүүлэхэд асран хамгаалагчийн сургалтад хамрагдсаныг нотлох бичиг баримт шаардахгүй аж. Бүртгэлийн систем нь нохой, муурын асран хамгаалагч болон түр байрлуулан асрамжлах газрын эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой нэгдсэн сан юм байна.
Бэлтгэсэн А.Үүлэн