Хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийв. Тус байрны оршин суугчид “БХБЯ-наас манай байрны дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 1-нд гарна гэсэн. Гэтэл дүгнэлтийг бидэнд танилцуулалгүйгээр УОК өнгөрсөн сарын 4-нд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлсэн. Үүнээс хойш дөрөвдүгээр сарын 10, 12-нд дүгнэлтээ авахаар, мөн 207 дугаар байрыг буулгах уу, эсвэл хүчитгэх үү гэдэг шийдвэрээ хурдан гаргахыг УОК-оос шаардаж Төрийн ордны гадна удаа дараа тайван жагсаал зохион байгуулсан. Гэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Барилгын дүгнэлт гаргаснаас хойш нэг сарын дараа буюу энэ сарын 1-нд л бид хүлээн авч, бүрэн танилцлаа” гэв. Гэтэл УОК-ын дөрөвдүгээр сарын 4-ний хэвлэлийн хурлаар танилцуулсан тоонууд БХБЯ-аас оршин суугчдад өгсөн дүгнэлтээс зөрүүтэй байсан гэнэ. Үүнтэй холбогдуулан 207 дугаар байрны оршин суугчид “УОК-ынхон хэт нэг талыг барьж, ташаа мэдээлэл тараасан” гэж хэлсэн юм. Тодруулбал, УОК-оос тухайн орон сууцын 86 хувь нь бүрэн шатсан гэж мэдээлсэн. Гэтэл БХБЯ-ны дүгнэлтэд нийт барилгын найман хувь нь галд өртсөн, 83 хувь нь огт өртөөгүй гэсэн байжээ. Тиймээс оршин суугчид байрыг нь буулгалгүйгээр яаралтай засаж өгөхийг УОК-оос шаардав.
Ослын улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугч хохирчээ. Тэдний дотор өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй хоёр, хөдөлмөрийн насны 112 иргэн, бага насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав бий аж. Хохирсон иргэдийн асуудлыг өдий хүртэл шийдээгүйд оршин суугчид бухимдаж буйгаа илэрхийллээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн