“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд сонирхолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулж. Үүний нэг нь химийн бодис ашиглахад ажлын байрны дүгнэлт шаардлагатай гэж заасан нь юм. Гэтэл аль 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 20 дугаар тушаалаараа ажлын байрны дүгнэлтийг зөвшөөрөл хэлбэрээр олгохыг хориглочихсон. Угаасаа өгөхөө больсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл химийн бодис ашиглах зөвшөөрөл авах гэхээр өгөхөө больчихсон ажлын байрны дүгнэлт хэрэгтэй гээд хуульдаа оруулчихсан. Харин дүгнэлт олгох газар байхгүй. Ийм шалтгаанаар улсаараа тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар химийн бодис хэрэглэж байгаа гэсэн үг. Эхнээсээ хууль бусаар ажилласан гээд шинжилгээний нэгэн лабораторид хариуцлага тооцох гэж буй юм байна. Хэрвээ танай байгууллага дотоод хяналтын жижигхэн лабораторитой бол химийн аюултай бодис хууль бусаар хэрэглэсэн гээд хариуцлага хүлээлгэж ч магадгүй. БОАЖЯ-ны албан ёсны сайтад нэр бүхий 13 байгууллага л зөвшөөрөлтэй гэж харагдлаа. Үүний дунд миний мэддэг лабораториудын нэр алга. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг үүнд анхаарал хандуулж, хариулт өгөхийг хүсэж байна” гэж хүнсний инженер О.Гал-Очир цахим орчинд байр сууриа илэрхийлсэн юм.
Үнэхээр ч түүний дурдсан шиг химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх, ашиглах зөвшөөрөл олгоход шаардлагатай баримтуудын нэг нь ажлын байрны дүгнэлт. Тодруулбал, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 9.1.7-д үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт нь химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох зэрэгт зайлшгүй шаардлагатай баримт болохыг тусгасан байна. Энэхүү дүгнэлт нь тухайн орчинд химийн бодис ашиглах боломжтой, эсэхийг илэрхийлсэн баримт аж. Гэтэл ийм баримт бичгийг манай улсад олгохоо болиод удаж буй гэнэ. Яаж ийж байгаад ийм бичиг авъя гэсэн ч өгөх эрхтэй хүн одоогоор алга.
Химийн бодисыг шинж чанар болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх нөлөөллөөр нь хортой, аюултай гэж ангилдаг. Үүнийг хэрэглэхдээ химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх ашиглах зөвшөөрөл заавал авсан байх ёстой. Ийм зөвшөөрөл авахын тулд ажлын байрны дүгнэлттэй байх шаардлагатай. Гэвч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 онд татан буулгаснаас хойш ажлын байрны дүгнэлт гаргах байгууллагагүй болжээ. Учир нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч л ажлын байрны дүгнэлт олгох эрхтэй байж.
Аж ахуйн нэгж, байгууллагууд химийн бодис ашиглах зөвшөөрөл авахад 40-50 орчим сая төгрөг зарцуулдаг гэнэ. Тухайлбал, тавигдах шаардлагуудынх нь нэг болох байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан, ерөнхий үнэлгээг хийлгэхэд 20 орчим сая төгрөг зарцуулдаг аж. Химийн ослын үед авах арга хэмжээний тухай болон аюулгүй ажиллагааны сургалт зэрэгт бас 3-4 сая төгрөг хэрэгтэй гэх мэтээр зардал өссөөр байдаг. Ослын үед ажиллах төлөвлөгөөг Онцгой байдлын ерөнхий газраар батлуулах, хор аюулын лавлах мэдээлэл зэрэгт ч төлбөр төлдөг юм байна. Мөн химийн бодис ашиглаж байгаа тул хогоо эмнэлгийн гаралтай хаягдал тээвэрлэх байгууллагаар ачуулахад сард нэг сая төгрөг төлдөг. Ийм их мөнгө зарцуулчхаад яг зөвшөөрлөө авахын даваан дээр ажлын байрны дүгнэлтгүйгээс болоод бүх үйл ажиллагаа нь гацахад хүрдгийг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл асуудал болгон тавьж буй юм.
Яг ийм асуудлаас болж ялтан болоход хүрсэн хүн ч байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 24.1-т “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Мөн 24.3-т нь “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Ажлын байрны дүгнэлтгүй аж ахуйн нэгжид эдгээр заалтын дагуу хэрэгт татагдахад хүрээд буй юм байна.
Үүний нэг жишээ нь, “Праймер” компани. Тус компани нь лабораторийн оношлуур үйлдвэрлэх, худалдаа, шинжлэх ухааны туршилт, судалгаа, хүнс, хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ, мэргэшүүлэх сургалт явуулах чиглэлээр ажилладаг. Тэд махнаас антибиотик илрүүлэх оношлуур бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус компанийнхан өдгөө химийн бодис зөвшөөрөлгүйгээр ашигласан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татжээ. Гол шалтгаан нь өнөөх л “олддоггүй” ажлын байрны дүгнэлт гэнэ. “Праймер” компанийг нийслэлийн Прокурорын газраас шалгаж, удахгүй шүүхэд шилжүүлэх гэж буй гэсэн мэдээлэл өглөө.
Тус компанийнхан химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа ч дорвитой үр дүнд хүрч чадалгүй, яг ажлын байрны дүгнэлт дээр “очоод” л гацсан юм байна. Тиймээс эл асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй холбогдсон ч “Ажлын байрны дүгнэлт олгодог газар байхгүй” гэсэн хариулт л өгчээ. Мөн БОАЖЯ-ныхан ч “Мэргэжлийн хяналтын байцаагч ажлын байрны дүгнэлтийг химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх ашиглах зөвшөөрөл авахад бүрдүүлэн хавсаргах талаар заасан байдаг. Байгаль орчны хяналтын улсын байцаагчид дээрх дүгнэлтийг гаргах эрхийг хуулиар олгоогүй. Тиймээс манай яамнаас химийн бодисыг агуулах, ажлын байранд дүгнэлт гаргах асуудлын талаар холбогдох хууль, дүрэм журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэсэн хариу тайлбарыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ирүүлжээ.
“Праймер”-ын ерөнхий захирал Б.Мөнхтогтох “2016 онд Инновацын тухай хууль батлахад эрдэмтдийн бүтээлийг зах зээлд гаргах үүднээс “Праймер” компанийг байгуулсан. Манайх шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн эрүүл мэнд ба хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөх үйлчилгээ, сургалт, сорилт шинжилгээ явуулж, шинжилгээний түргэвчилсэн болон PCR оношлуурын технологи хөгжүүлж байна. Гэвч бидэнд ажлын байрны дүгнэлт өгөх байгууллага, албан тушаалтан олдохгүйгээс болоод эрүүгийн хэргээр байцаагдаж, ялтан болохдоо туллаа. Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журамд заасны дагуу сургууль, цэцэрлэг, үсчин, шинжлэх ухааны байгууллага химийн бодис ашиглаж л байгаа бол тусгай зөвшөөрөл авах ёстой. Бид 3.5 жил маш их цаг хугацаа, хөрөнгө зарцуулан ийм тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байна. Өнгөрсөн хугацаанд БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын болон Байгаль орчны газраас ажлын байрны дүгнэлт авах гэж хөөцөлдсөн ч эдгээр байгууллагынхан “Ажлын байрны дүгнэлт олгох боломжгүй. Энэ дүгнэлтийг өгдөг эрх бүхий байгууллага Монгол Улсад байхгүй” гэсэн албан бичиг өгсөн. Ийм шалтгаанаар зөвхөн бидэнд бус, ер нь л Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл өгөөгүй. Бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, уг асуудлыг шийдвэрлэхээс нааш тайван сууж чадахгүйгээ үүгээр мэдэгдэж байна. Дүгнэлт гаргах боломжгүй гэсэн бүх байгууллагын бичиг, яллах дүгнэлт байгаа болно” гэсэн юм.
Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.1-т “Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заажээ. Тиймээс бид дээрх асуудлыг шийдэж байгаа, эсэхийг тодруулахаар БОАЖЯ-ныханд хандлаа. Гэтэл тус яаманд үүнийг мэдэх, хариуцах албан тушаалтан байсангүй. “Ажлын хэсгийнхэн Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг шинэчлэхээр ажиллаж байгаа” гэв. Зарим нь “Журмын төсөл ирэх долоо хоног гэхэд бэлэн болчихно” гэж байснаа “Яг үнэндээ бэлэн болох болоогүй л дээ. Гэхдээ үүнээс болж хохирсон байгууллага байхгүй” хэмээлээ. Мөн “Манай яамныхан энэ талаар ярих дургүй. Хуулиараа л манайхтай холбогдоод байгаа болохоос биш, эрх зүйн орчин нь бүрдээгүй буюу химийн бодисын тусгай зөвшөөрөл олгох эрх бидэнд байхгүй” гэсэн албан тушаалтан ч бий. Үнэхээр ч тэдний хэлсэн шиг химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, үйлдвэрлэх ашиглах зөвшөөрлийн талаар тодруулъя гэхэд л холбогдох албан тушаалтнуудынх нь ярианы өнгө аяс эрс ширүүсэж, “Бид зохицуулахаар ажиллаж байна” хэмээн уурсаж байв. Уг нь журамд нэмэлт, өөрчлөлт оруулснаар байгаль орчны байцаагч химийн бодисын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй болох аж.
Тус яамныхны хэлснээр журамд нэмэлт, өөрчлөлт оруулахад багадаа 3-4 сар шаардлагатай гэнэ. Ийм хариултыг тэд хоёр сар орчмын өмнө л хэлж байсан. Өдгөө ч түүнийгээ давтсаар л байна. БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрынхан уг журмыг хариуцаж байгаа аж. Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил яагаад удаашраад байгаа талаар тус газрынхнаас тодруулахад “Хариуцаж байсан мэргэжилтэн нь ажлаасаа гарч байгаа. Өнөө, маргаашдаа мэдээлэл өгөх хүн байхгүй” гэлээ. Ингээд л эцэст нь асуудлыг яаж шийдэх нь тодорхойгүй хэвээрээ үлдэв.
Өмнө дурдсан журамд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвд өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд зохион байгуулсан юм билээ. Хэлэлцүүлэгтээ химийн бодисын тусгай зөвшөөрөл эзэмшигч 28 аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ. Тус төвийнхнөөс энэ талаар тодруулахад “Дараагийн шат буюу БОАЖЯ-нд шилжүүлсэн. Манайхаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хариуцаж байгаагаар нь яамнаас асууна уу” гэж өөрсдөөсөө холдуулав.
2020 онд 500 гаруй аж ахуйн нэгж химийн бодисын тусгай зөвшөөрөлтэй байж. Тэдгээр байгууллага өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй. Харин шинээр байгуулсан, үйл ажиллагаагаа саяхан эхлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд л ажлын байрны дүгнэлт “чөдөр” болж, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авч чадахгүй байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн