Сонсголын бэрхшээлтэй иргэн хууль зүйн туслалцаа авах, эрх ашгаа хамгаалах хүртээмжтэй орчин бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Прокурорын газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрынхан хамтран дохионы хэлний хэлмэрчийн сургалтыг зохион байгуулжээ. Нийслэл, дүүргийн Прокурорын газрын мэдээлэл лавлагаа, өргөдөл гомдол хариуцсан ажилтан, угтагчид, Тамгын хэлтсийн дарга нар уг сургалтад хамрагдсан байна. Тэд дохионы хэлний анхан шатны мэдэгдэхүүнтэй болж, сертификат гардаж авчээ. Тус сургалтыг зохион байгуулснаар сонсголын бэрхшээлтэй хүнд прокурорын байгууллагын үйл ажиллагааг хүртээмжтэй хүргэж, холбогдох мэдээллийг дохионы хэлээр авах боломж бүрдэж буй гэнэ.
Ташрамд дурдахад, “Шүүх, прокурор, хууль хяналтын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүнд түүний эрх, үүрэг болон холбогдох мэдээллийг хөгжлийн бэрхшээлийн онцлогт нь нийцүүлэн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлаж өгнө” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 27.3-т заасан байдаг.
Бэлтгэсэн М.Оч