Японы нэрт дуучин, жүжигчин Акира Кобаяашийг Монгол Улсын аялал жуулчлалын элчээр өргөмжилжээ. Тус улсын Нэрима дүүрэгт байрлах “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд болсон “Go Mongolia” арга хэмжээний үеэр түүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ аялал жуулчлалын элчийн өргөмжлөл гардуулсан аж. Нэрт дуучин Акира Кобаяаши уг арга хэмжээний үеэр бас уран бүтээлээсээ хүргэсэн аж. Аялал жуулчлалын элч нь Монгол орныг өөрийн улсад сурталчлан таниулах үүрэгтэй гэнэ.
Дуучин, жүжигчин Акира Кобаяаши нь өдгөө 85 настай. 1956 оноос “Никкацү” продакшны жүжигчнээр уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Түүнээс хойш уран сайхны кино, телевизийн цувралууд болон олон дуугаараа Япон даяар танигдаж, өдгөө ч урлагийн замналаа үргэлжлүүлсээр яваа уран бүтээлч юм байна.