-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл”-д гэр бүлийн хүчирхийлэл, жендерийн харилцааг онцолжээ. Энэ сэдвийг судлах болсон суурь шалтгаан нь юу байв?
-Сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарах, хүчирхийлэл үйлдэх нь ихэссэн. Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй буюу гэр бүлийн гишүүд эрх, үүргээ мэдэхгүй байна. Хүчингийн хэрэг ураг төрлийнхөн, ойр дотнынхон дунд гардаг нь асуудлыг судлах үндсэн шалтгаан болсон. Түүнчлэн ХЭҮК-оос жендерийн асуудлыг судалж, хоёр жил тутамд УИХ-д тайлагнах үүрэгтэй. Тайлагнах хугацаа нь энэ жил таарсантай холбоотойгоор гэр бүлийн хүрээнд жендерийн эрх тэгш байдал ямар байгааг судалсан юм. Гэр бүл бол нийгмийн анхдагч нэгж. Энд хэн эрх эдлэгч, хэн нь үүрэг хүлээгч вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Мэдээж эцэг, эх бол гэр бүлийнхээ өмнө үүрэг хүлээгч, үр хүүхэд нь эрх эдлэгч. Энэ харилцаа ямар байна гэдгийг бид судлахад эцэг, эхчүүд Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Гэрлэх, салах шийдвэр гаргахдаа тэгш эрхээ эдэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, гэр бүл дэх тэгш эрхийн хуваарилалт алдагдчихаад байна. Хосууд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх хамтын үүрэг хариуцлагатай байх шаардлагатай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэр бүлдээ тэгш үүрэг хүлээж, хувь нэмрээ оруулах ёстой. Эрх тэгш байдал алдагдсан учраас гэр бүлд хүчирхийлэл гардаг.
-Төлөвлөлтгүй гэрлэлт, салалт ихэссэн талаар сүүлийн үед байнга ярих болсон. Үүний талаар судалсан уу?
-Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар эрэгтэй, эмэгтэй хүн гэрлэх, гэрлэлтийн гэрээ байгуулах, гэрлэлтээ сайн дураараа цуцлуулах, хүний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглодог. Энэ заалтыг хэр зөрчиж байгааг бид судалсан юм. Сүүлийн 10 жилийн статистикаас харахад гэрлэсэн 4-5 хос тутмын нэг нь гэр бүлээ цуцлуулжээ. Өөрөөр хэлбэл, гэрлэлтээ цуцлах нь ихэссэн. Тэдний олонх буюу 74.8 хувь нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж салсан юм билээ. Хосууд нэгнээ сонсдоггүй, ярилцдаггүйн улмаас асуудал нь хүндэрч, улмаар салж байна. Үүнээс гадна зан харилцааны таарамжгүй байдал гэдгийн цаана яг ямар асуудал нуугддагийг анхаарах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүд үзэл бодлын хувьд асар их зөрүүтэй байгаа. Жишээ нь, жендерийн хувьд эрэгтэй нь эмэгтэйгээ гэрийн ажлаа хийх ёстой гэж маргадаг. Эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээ мөнгө олох ёстой гэх мэтээр дарамталж, хувь хүний үзэл бодлоос шалтгаалсан таарамжгүй харилцаа үүсгэх нь бий. Дараагийн нэг шалтгаан нь архины хэт хэрэглээ юм. Гуравт, гэр бүлийн тогтворгүй байдлаас шалтгаалж байна. Хосуудад, гэр бүлд чиглэсэн үйлчилгээ анхан шатанд алга. Нөгөө талаас сэтгэл зүйн үйлчилгээ маш өндөр төлбөртэй. Сэтгэл зүйн үйлчилгээ авах гэхээр нэг цагийн төлбөр нь хамгийн багадаа 50 мянган төгрөг байдаг. Тиймээс хүмүүс энэ үйлчилгээг төдийлөн авч чаддаггүй. Ийм учраас хосууд салалтын суурь шалтгаанаа арилгаж чадахгүй байна.
-Гэр бүлд эрх мэдлийн тэгш хуваарилалт алдагдсан гэж та дурдлаа. Монгол гэр бүлийн хувьд хэн нь илүү эрх мэдэлтэй байна вэ?
-Гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцоотой байх ёстой. Хэн нэгнийхээ нийгмийн амьдралд оролцохгүй байж ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжлээ сонгоход нь саад болох ёсгүй. Үүнийг хуулиар хязгаарласан. Тухайлбал, дундын бизнес, эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд хуваарилахад оролцох эрхийг хүйс болон насаар хязгаарлаж болохгүй. Хөдөлмөр эрхлэх, ажил мэргэжлээ сонгоход нь оролцохыг хориглодог. Өөрөөр хэлбэл, нэгэндээ эдийн засгийн дарамт учруулах ёсгүй. Энэ нь эдийн засгийн болон хянах хэлбэрийн маш ноцтой хүчирхийлэл. Сүүлийн үед энэ төрлийн хүчирхийлэл ихэссэн. Жишээ нь, сэтгэл санааны хүчирхийлэл өнгөрсөн онд 1468 бүртгэгджээ. Ялангуяа эмэгтэйчүүд эсрэг хүйстэндээ сэтгэл санааны хүчирхийлэл илүү их үзүүлсэн байна. Эрчүүд хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй, цагдаагийн байгууллагад огт мэдээлдэггүй. Нөгөө талаар цагдаа нар эл асуудлыг тоодоггүй, “Сүртэй юм” гэх мэтийн хандлага гаргадаг. Мөн сошиал орчинд нэгнээ маш их хүчирхийлдэг болсон.
-Эхнэр, нөхрийн хооронд маргаан гарлаа гэхэд ихэнхдээ Зөрчлийн хуулиар зохицуулдаг. Энэ нь үр дүнтэй юу?
-Зөрчил гаргасан этгээдийг саатууллаа гэхэд хууль яриад, сануулаад л өнгөрдөг. Зан үйлийн дорвитой сургалт явуулдаггүй. Баривчлагдсан хүмүүс “Бид 7-14 хоног саатуулагдаад суллагддаг. Гэтэл гэртээ очихоор эхнэр бахь байдгаараа, уур, уцаартай угтдаг. Дахиад л хэрүүл эхлүүлдэг” гэж хэлсэн. Асуудал хосуудын аль алинд байгаа юм. Үйлдэлтэй нь тэмцдэг ч ухамсарт нь ойлгуулж чадахгүй байна. Эрэгтэйчүүд хэд хоног хоригдоод, хууль “цээжлэхээс” өөр үр дүн алга. Тиймээс хоёулантай нь ажиллах хэрэгтэй. Тодруулбал, хүчирхийлэл үйлдэгчийг шууд хорилгүй, нэн тэргүүнд хохирогчийн хамт сургалтад хамруулах нь чухал болов уу. Үнэхээр засрахгүй бол дараагийн арга хэмжээ авч, хориосой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтад хамруулна гэж заасан ч үүнийг хэрэгжүүлдэггүй. Ийм сургалтад сайн дураараа хамрагддаг хүн ч ховор.
-Хүчирхийлэл хаана илүү их гардаг вэ?
-Гэр бүл дэх байнгын хүчирхийллийн тоо өссөн. Энэ төрлийн хүчирхийлэл орон нутагт их гардаг. 2023 оны байдлаар нийслэлд 854, орон нутагт 1868 гэр бүл байнгын хүчирхийлэлд байна гэж бүртгэгджээ. Тиймээс нэн түрүүнд орон нутаг дахь хамтарсан багийг сайн ажиллуулах хэрэгтэй. Орон нутагт шалгалтаар явж байхдаа хамтарсан багууд тоон мэдээллээ ч гаргадаггүйг олж харсан. Уг нь орон нутаг, ялангуяа сумууд хүн ам цөөтэй учраас иргэдтэй ажиллах, сургалт явуулах нь тийм ч хэцүү биш. Иргэдтэй уулзахад байрны зээлд хамрагдъя, ажлын байраар хангаж өгөөч, гэр бүлийн боловсролын сургалт хэрэгтэй байна зэрэг саналыг түлхүү хэлсэн. Гэтэл манайд гэр бүлд чиглэсэн боловсрол олгох үйл ажиллагаа үнэхээр дутмаг байна шүү дээ. Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлээр гэр бүлийн боловсрол олгох хугацаа нь нэгхэн цаг юм билээ. Ийм өргөн агуулгатай сэдвийг ганц цаг заах нь хангалтгүй. Эцэг, эх байх үүрэг хариуцлагын талаар нэг цаг л заах нь байна шүү дээ. Нөгөө талаар аав, ээжүүд хүүхэдтэйгээ ярилцах биш, харин багшид нь даатгаад л орхидог болсон. Хүүхдэд эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол олгох нь нэн тэргүүнд эцэг, эхийн үүрэг юм. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, насан туршийн боловсролын төвүүд гэр бүлийн боловсрол олгодог л гэдэг. Насан туршийн боловсролын төв 21 аймаг, есөн дүүрэгт бий. Гэхдээ дээрх хоёр байгууллагын аль нь эл сургалтыг хариуцах нь тодорхойгүй байна.
-Бодлогын түвшинд гэр бүлд чиглэсэн ямар арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй вэ гэдэгт та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Манай улсад 18 хүртэлх насны дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эх, эцэгт сар бүр 325 000 төгрөг олгодог. 18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавуудад улирал бүр 550 000 төгрөг өгдөг. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эх, эцэгт нэг удаа 1.2 сая төгрөг өгнө. “Алдарт эх”-ийн I одонтой эхчүүдэд жил бүр 200 000, II одонтойд нь 100 000 олгож байгаа. Мөн гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж, эсэн мэнд өсгөж байгаа бол хүүхэд тус бүрд нэг удаа гурван сая төгрөгийн мөнгөн тэтгэмж өгдөг. Үүнээс гадна олон хүүхэдтэй ч хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай, хүчирхийлэлтэй, өрх толгойлсон зэрэг давхар асуудалтай гэр бүлүүдийг судалж, тэдэнд чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгцээ хэдийн үүссэн. Бас амьдралын онцлог шинж чанаруудад тулгуурласан буюу ижил хүйстэн, дагавар хүүхэдтэй, сэтгэцийн өвчтэй, эдгэшгүй хүнд өвчтэй, хорих ангид хоригдож буй гишүүнтэй гэх мэт гэр бүлд чиглэсэн бодлого шаардлагатай байна. Гэр бүлийг дэмжиж, тогтвортой байдлыг нь бэхжүүлэхэд чиглэсэн нийгмийн үйлчилгээг боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн гэр бүлийн хөгжилд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий.
-Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ямар саналуудыг УИХ-д хүргүүлсэн бол?
-Хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол, нийгмийн хамгаалал зэргээр гэр бүлд чиглэсэн нийгмийн цогц ажил, үйлчилгээ хэрэгтэйг илтгэлдээ онцоллоо. Мөн хүүхэд харах үйлчилгээ, гэр бүл дэх хөлсгүй хөдөлмөрийг үнэлгээжүүлэх нь нэн тэрүүний асуудал болжээ. Бага насны хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг манайд эмэгтэйчүүд л харж халамжилж байна шүү дээ. Хөлсгүй хөдөлмөрийг эмэгтэйчүүд л хийдэг. Тиймээс ахмад настан, хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах даатгалын тогтолцоо бүрдүүлэх эрх зүйн орчин хэрэгтэй байна. Асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх нь иргэдэд ч, эдийн засагт ч чухал нөлөөтэй. Мөн хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлдөггүй этгээдэд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгах, нөхөн төлөгдөх нөхцөлтэй Хүүхдийн тэтгэлгийн сан байгуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Үүнээс гадна гэр бүл, хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох шаардлагатай. Эцэст нь Гэр бүлийн тухай хуулийг нэн даруй батлах нь чухал болохыг илтгэлдээ дурдсан.