Ес дэх удаагийн “Улаанбаатар марафон-2024” олон улсын тэмцээнийг энэ сарын 25-нд зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээн нь “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчдад зориулсан хөтөлбөртэйгөөрөө онцлогтой гэнэ. Түүнчлэн Австрали, Австри, Америк, Англи зэрэг 22 улсын мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцохоор цахимаар бүртгүүлсэн байна. Оролцогчдын 50 орчим хувь нь 10-аас дээш км-т гүйхээр бүртгүүлжээ. Тэмцээний бүртгэлийг энэ сарын 20 хүртэл үргэлжлүүлэх нь. Оролцох хүсэлтэй хүмүүс “Hipay” аппликэйшнээр бүртгүүлэх боломжтой.
Уг тэмцээний үеэр хоолны өдөрлөг зохион байгуулах аж. Хоолны үйлчилгээ явуулах хүсэлтэй хувь хүн, байгууллагууд “Lemon spice” ресторантай холбогдож бүртгүүлэх юм байна. Тэмцээнийг тав, 10, 21, 42 км-ийн зайд мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын гэсэн төрлөөр зохион байгуулна. Мөн өмнөх жилийнхтэй адил RFID технологиор бүрэн автоматжуулж, оролцогчдын гүйлтийн үзүүлэлтийг тодорхойлох нь. Үүгээрээ дамжуулан оролцогчид эрүүл мэндийн байдлаа хянах, тэмцээний талаарх мэдээллийн санг ч үүсгэх боломжтой гэнэ. Энэхүү технологийн тусламжтайгаар оролцогчдын гэрэл зургийг ч дурсгал болгон авах нөхцөл ч бүрдүүлжээ. Иргэд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө бүтэн өдрийг зөв боловсон, зугаатай өнгөрөөхөд зориулж урлагийн тоглолт, “Street food”, “Food and chill area” зэрэг худалдаа, үйлчилгээний орон зайг бий болгох аж.
“Улаанбаатар марафон”-д өнгөрсөн жил 30 орны 30 000 гаруй иргэн, 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 500 гаруй сайн дурын ажилтан оролцжээ. Энэ жил оролцогчдын тоо нэмэгдэж, цар хүрээ нь тэлэх хандлагатай байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Бэлтгэсэн А.Үүл