Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 20 аймгийн 45 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 80 нь гал түймэр,19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл найман удаа гарсан бол ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл хоёр удаа бүртгэгдсэн аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны долоо, гал түймрийн 37 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 165 иргэнийг аварч, 11 тэрбум 665 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. Түүнчлэн орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид зургаан хүний амь аварсан байна. Харамсалтай нь, гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт таван хүн нас барж, дөрвөн иргэн гэмтжээ.
Ташрамд дуулгахад, энэ он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд шар өвс шатаасны улмаас 47 удаа гал түймэр гарчээ.