УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө хянуулж, дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлэх хуулийн хугацаа дууслаа. Төрийн аудитын байгууллагаас өгсөн мэдээллээр өчигдөр 19.00 цагийн байдлаар 71 хүн мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгсөн байна. Тус байгууллагынхан 00.00 цаг хүртэл ажиллаж, бие даагчдаас материалыг нь авсан юм. Тэдний мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлэх боломжтой.
Түүнчлэн энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд МЕТА компанийн Төв Азийн орнууд, Монгол зэрэг улсыг хариуцсан захирал Сенүра Абейвардена тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзжээ. Тэд хуурамч мэдээ, мэдээлэл, хаягийг бүртгэж, устгах, тархалтыг бууруулах талаар санал солилцож, хамтран ажиллах төлөвлөгөөгөө ярилцсан байна.
Бэлтгэсэн: Б.Уран