Засгийн газраас 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасныг баримтлан Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Байнгын хорооноос хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу "Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эмийн жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална." гэсэн заалтыг хасах, мөн төслийн 2 дугаар зүйлийг хассантай холбогдуулан "3 дугаар зүйлийн дугаарыг 2" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдаан Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.