Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тал хээр, говийн нутгаар салхины хурд түр зуур секундэд 16-27 м буюу аюултай үзэгдлийн, Увсын Ховд, Ховдын Дарви, Говь-Алтайн Шарга, Бугат, Тонхил, Баянхонгорын Богд, Баацагаан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сант, Дундговийн Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Өмнөговийн Цогт-Овоо, Булган, Цогтцэций, Даланзадгад, Манлай, Мандал-Овоо, Гурвантэс, Ханбогд, Дорноговийн Сайншандад салхи 28-34, Ховдын Зэрэг, Баянхонгорын Жинстэд секундэд 36-38 метрт хүрч, онц аюултай үзэгдэл болжээ. Энэ сарын 20-ны байдлаар Завханы Цэцэн-Уул, Тэлмэнд цасны зузаан 3-9 см байна.