Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, гадаадад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссыг байгуулжээ. Төв комиссын даргаар Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан ажиллана.
Мөн иргэдийн сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах үүднээс зарим сонгуулийн хэсгийг нэгтгэн, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, холбогдох сум, дүүргийн ИТХ-д зөвшөөрөл олгосон байна. Тодруулбал, сонгуулийн 12 хэсгийг шинээр байгуулж, гурвыг нь нэгтгэжээ. Ингэснээр нийт сонгуулийн 2196 хэсэг ажиллах нь. Үүнээс өмнө 2180 орчим хэсэг байгуулахаар төлөвлөж буй талаар мэдээлж байсан юм. Харин УИХ-ын өнгөрсөн сонгуулиар 2070 хэсэг байгуулж байж.
Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцах, аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Үүнээс гадна уг системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.