Засгийн газрын Батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон Цэргийн эмнэлгийн комиссын бүрэлдэхүүн дөрөвдүгээр сарын сарын 8-16-ны өдөр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа.
Энэ хүрээнд Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын дагуу өвчин, эмгэгийн жагсаалт, аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн цэргийн албанд тэнцэхгүй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хугацаат цэргийн албанаас чөлөөлөх асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, цэрэг татлагын товчооны эмч, аймаг, сум, багийн ЗДТГ-ын дарга нартай цэргийн насны иргэдэд зонхилон тохиолдож буй өвчлөлийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, харилцан санал солилцсон нь энэ удаагийн үзлэгийн онцлог байлаа.
Дээрх аймгуудын цэргийн насны иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийсэн дүгнэлт болон хэлэлцүүлгийн үeд эмч, эмнэлгийн байгууллагын алба хаагчдаас гаргасан саналыг ажлын хэсэг нэгтгэж, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулах юм.