Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр манай орны ихэнх нутагт хур тунадас орж, хүчтэй салхи шуурга дэгдсэн. Тэр дундаа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь зэрэг говийн аймгийн зарим бүсэд салхины хурд секундэд 26-32 метрт хүрч ширүүсэн, аюулт үзэгдэл болсныг цаг уурын байгууллагаас мэдээлсэн юм.
Хүчтэй шороон шуурганы улмаас говийн аймгуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж, гадаа удаан явах аргагүй болсныг ч орон нутгийн иргэд хэлж байлаа. Түүнчлэн зарим иргэн их шуурганы дараа энд тэндгүй хуурай сайр, элсэн манхан үүссэнийг гэрчлэх зургийг цахим сүлжээнд нийтэлсэн юм. Тэгвэл энэ нь манай оронд, ялангуяа говийн бүс нутагт цөлжилт, газрын доройтол гаарсны “тэмдэг” гэдгийг судлаачид хэлж байна. Хөрс доройтож, ургамлын бүрхэвч багасан, газрын гадаргад их хэмжээний сул тоос, шороо хуримтлагдсанаар хүчтэй салхилах үед ойр орчмын зүйлс харагдахгүй болтол улаанаар эргэлдэх нөхцөл бүрддэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрсний өнгөн хэсэг дэх тоос, шороог “барьж тогтоодог” ургамал сийрэгжсэнээс ийм үзэгдэл болдог аж.
Сүүлийн жилүүдэд манай оронд угалз, түйрэн, морин зэрэг хүчтэй шуурга гарах давтамж ойртож, үүнээс үүдэлтэй хохирол нэмэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай экологийн доройтлын шалтгаантайг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын доктор А.Хауленбекээс эхлээд олон судлаач санал нэгтэй хэлж байна. Тэд үүнийг уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын хавсарсан хямрал гэв. Мөн энэ талаарх судлаачдын үг, анхааруулгыг олон нийт ч, холбогдох байгууллагынхан ч тэр бүр ойшоодоггүйг хөндлөө. Ташрамд дурдахад, БОАЖЯ-наас 2019 онд хийсэн байгаль орчны төлөв байдлын үнэлгээгээр манай орны нийт газар нутгийн 57 хувьд ургамлын нөмрөг, төрөл, зүйл хурдацтайгаар буурч буй гэсэн дүгнэлт гарч байжээ.